Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол ардын нам Монголын ардчилалд ноцтой “халдлага” хийлээ!

ikon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-д дийлэнх олонх болсон эрх баригч нам нь сөрөг хүчний үг хэлэх эрхийг ноцтойгоор, хууль бусаар зөрчиж байсан тохиолдол сүүлийн 30 жил гарч байсангүй. 

1990 онд ардчилсан “дэглэм”-д шилжсэнээс хойш болоогүй ийм үзэгдэл 2020 оны 08 сарын 17-ны өдөр яг бидний нүдэн дээр боллоо.

“Хүчээ нэгтгэе” уриатай сонгуульд орсон Монгол ардын нам нэгтгэсэн хүчээрээ иргэн биднийг төлөөлж буй гишүүнийг, тэр гишүүнээр төлөөлүүлэн хүрч буй бидний дуу хоолойг, үг хэлэх эрхийг бүдүүлгээр хязгаарлалаа.

Болсон явдлын талаар дэлгэрүүлбэл, 2020 оны 08 сарын 17-ны өдөр Улсын их хурлын ээлжит бус чуулган эхэлсэн. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж байхад УИХ-ын даргыг түр орлож байсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан түүний үгийг тасалж, улмаар чуулганд оролцох эрхийг нь 7 хоногоор хасав.

Энд хэн, эсхүл юу хэлснээс болж гэдэг нь ёстой л 1,001 дэх асуудал юм. Гэхдээ асуудлыг хэт нэг талын өнцөгөөс харахгүй байхын тулд тэдний хэлсэн үгийг утгачлан оруулъя. Б.Пүрэвдорж гишүүн эрх баригч МАН-г сонгуулийн өмнө буюу 4, 5, 6-р сард “халамж” нэрийн доор мөнгө тарааж, мөнгө тараахдаа баг, хорооны дарга нараар, намын хүмүүсээрээ тарааж хэрхэн сонгуулийг мөнгөний сонгууль болгосон талаар шүүмжлэв. Т.Аюурсайхан Б.Пүрэвдорж гишүүнийг үг хэлж байх дундуур нь “Хүн гүтгэхийг дэгийн хуулиар хориглосон байгаа шүү, танд сануулъя” гэж хэлээд, үгээ хэлж дууссан хойно нь “Бусдыг гүтгэж, доромжлохыг хориглосон байгаа. Ингэвэл сануулж байгаа, Баримттай тоогоо хэлнэ, эрх бүхий байгууллагаар шалгуулах эрх тань байна, ханддаг газарт нь хандаад шалгуулж болно” гэв.

Харин дараа нь Ж.Мөнхбат гишүүнийг үг хэлж байх үед Б.Пүрэвдорж гишүүн микрофоноор “Би баримттай юм ярьсан, 6-н сарын төсвийн гүйцэтгэл тодотгол дээр бичсэн байгаа” гэхэд Аюурсайхан гишүүн “төсвийн хуулийн дагуу зохицуулсан асуудал байгаа, өнөөдрийн хуралдаанд, энэ долоо хоногийн хуралдаанд оролцох эрхийг тань хасаж байна” гэв.

Сонгогдсон тойргынхоо төдийгүй Монгол Улсын нийт иргэдийг төлөөлөн хууль санаачлах, хууль тогтоох дээд эрх эдэлж буй Улсын их хурлын гишүүний амыг ингэж хууль бусаар барьж байхад иргэд бидний үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй эрх баталгаатай эдлэх эрх хэвээрээ байгаа гэдэгт бид яаж итгэх вэ?

Яагаад “гишүүний амыг хууль бусаар барьсан” гэж үзэж байна вэ гэхээр Улсын их хурлын гишүүнийг чуулганы хуралдааны танхимаас гаргах хуулийн үндэслэл байна уу гэвэл байна. 2020 оны 05-р сард шинэчлэн найруулж баталсан Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд энэ асуудлыг зохицуулжээ. Зарим хуульч, судлаачид “улсын их хурлын гишүүнийг чуулганы хуралдаанд суух эрхийг хасах гэдэг нь боломжгүй, үндсэн хууль зөрчсөн хэрэг” гэж үзэж, тайлбарлаж байгаа ч нэгэнт одоогийн хуульд ийм зохицуулалт байгаа тул энэ хуулийг зөрчсөн эсэхийн талаар энд бичье.

Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд хуралдааны дэг зөрчсөн гишүүнд “сануулах”, “хуралдаанд үг хэлэх эрхийг хасах”, “хуралдаанд оролцох эрхийг хасах” зэрэг арга хэмжээ авахаар хуульчилсан байна.

Улмаар мөн хуулийн 18.2-т УИХ гишүүн нь хуралдааны үйл ажиллагаанд саад учруулсан бол хурал даргалагч үгийг нь таслан сануулга өгч, дараагийн авах арга хэмжээний талаар анхааруулна гэжээ. УИХ дэд дарга Т.Аюурсайхан ийм сануулга, анхааруулга өгөөгүйг энд дурдах нь зүйтэй. Ийм сануулга өгсөн байсан ч тухайн гишүүн уг сануулгыг биелүүлээгүй бол гишүүний үг хэлэх эрхийг тухайн асуудлын хэлэлцүүлгийн үед хязгаарлах юм байна (18.3-р заалт). Энд “тухайн асуудлын хэлэлцүүлгийн үед” гэдгийг тодотгоё.

Цаашилбал, УИХ гишүүн бусдыг гүтгэсэн, бусдад саад учруулсан бол хуралдаан даргалагч нь урьдчилан сануулахгүйгээр “тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна” гэжээ (хуулийн 18.4-р заалт). Тухайн өдрийн гэсэн байгааг анхаарна уу.

Харин тухайн гишүүн хурал даргалагчийн сануулгыг биелүүлэхгүйгээр бусдад саад учруулсан бол түүнийг хуралдааны танхимаас гаргана гэж 18.5-д заагаад, тухайн гишүүн танхимыг орхин гараагүй бол 18.5-д заасан хариуцлагын хугацааг нэмэгдүүлэх тухай 18.6 заалтад хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, танхимыг орхин гарахыг эхэлж шаардаад, орхин гарахгүй байвал энэ хариуцлагын буюу (миний ойлгож буйгаар) орхин гарах хугацааг сунгах юм байна.

Мөн хуулийн 18.8-д зааснаар “Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжлох, эмх замбараагүй байдал үүсгэхээр бусдыг турхирах, өдөөн хатгах зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч уг гишүүний тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасаж, түүнийг хуралдааны танхимаас гаргана” гэжээ. Харин 18.7-д зааснаар гишүүн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан хугацаанд хуралдаанд оролцох эрхгүй байна. 18.8 ба 18.7 заалтууд нь энэ асуудалт чухал бөгөөд шууд ач холбогдолтой заалтууд тул тус хуульд бичсэн байдлаар яв цав оруулав.

Хууль зүйн үүднээс тайлбарлавал “хуралдааны танхимаас гаргах” ба “хуралдаанд оролцох эрхийг хасах” хоёр бол маш том ялгаатай асуудлууд байна. Ингэж ялгаж хуульчилсан байна.

Б.Пүрэвдорж гишүүн нь “хуралдааны танхимаас гаргах” арга хэмжээ авах зөрчил гаргасан байж болох ч түүний хэлсэн үг, гаргасан үйлдэл нь 18.8-д заасан буюу хуралдаанд оролцох эрхийг хасах арга хэмжээ авах шинж, нөхцөлийг агуулгаагүй үйлдэл гэдэг нь илэрхий байна. За бүр ийм шинж агуулсан байлаа гэж бодоход тус хуулийн 18.8-д “тухайн өдрийн” гэж тов тодорхой заажээ. Энэ бол Улсын их хурлын гишүүний чуулганы хуралдаанд оролцох эрхийг хязгаарлах хуулиар олгогдсон хамгийн дээд хэмжээ. 7 хоногоор хязгаарлах эрх хэнд ч байхгүй.

Яагаад гэвэл Улсын их хурлын гишүүн нь улсын их хурлын чуулганы хуралдаанд сууж, тэнд үгээ хэлэх нь манай улсын ардчиллын цөм, амин хүчин зүйлсийн нэг мөнөөс мөн.

Эрх баригч нам нэгтгэсэн хүчээрээ Монголын ардчиллын амыг барихыг бид зүгээр хараад сууж болохгүй юм.

Энэ бол Б.Пүрэвдорж гишүүнийг сонгосон Ховд аймгийн иргэдийн төдийгүй Монгол улсын иргэдийн Үндсэн хуулиар баталгаатай эдлэх 16.9-д заасан “төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх”, 16.16-д заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх” – д ноцтойгоор халдсан хэрэг юм. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёсны зарчим, хууль дээдлэх зарчимын ноцтой зөрчил мөн! Бид энэ асуудлыг зөвхөн Пүрэвдорж ба Аюурсайхан нарын асуудал мэт, Ардчилсан нам ба Монгол ардын намын хоорондох асуудал мэт харвал машид харалган явдал болно. Энэ бол түүнийг сонгон илгээсэн Ховд аймгийн сонгогчдын, ардчиллын үр шимийг хүртэгч иргэн бүрийн, УИХ-ын гишүүдээр төлөөлүүлэн хууль батлах, төр барихад оролцож буй иргэн бүрийн эрхэд бүдүүлгээр халдсан, ардчилалдын болон төрийн суурь зарчимд заналхийлсэн ноцтой хууль бус ажиллагаа юм.

Эрх баригч нам, Улсын их хурал дахь тус намын бүлэг нь ийм ноцтой зөрчил гаргасан гишүүндээ нэн яаралтай арга хэмжээ авах ёстой!

 

Эрх зүйч Б.Мягмардорж