Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндсэн хуулийн 6.2-той холбоотой зохион байгуулалттай, худал мэдээлэл тараасан бол Үндсэн хуульт байгууллагын эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" гэсэн нь сүүлийн үед нийгэмд хүчтэй маргаан дэгдэхэд хүргээд байгаа юм. Энэ талаар нэгдсэн ойлголтыг нийгэмд өгөх зорилгоор өнөөдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд буруу заалт, нэр томьёо оруулснаар гадаадынханд газар зараад байна гэсэн худал яриа тарж байна. Үүнийг бид хууль, хяналтын байгууллагаар шалгуулахад үндэслэлгүй болох нь тогтоогдсон" гэдгийг онцлов.

"Ард түмний дундын өмч нэрээр эзгүйдүүлж, дураараа дургиж байсныг хазаарлах боломж энэ хуулиар бүрдсэн"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн тэрбээр Үндсэн хуулийн 6.2-т орсон "Төрийн нийтийн өмч" гэх томъёоллыг дараах байдлаар тайлбарласан юм.

"Үндсэн хуулийн 6.2-т орсон “төрийн нийтийн өмч” гэсэн нэр томьёог хэн нэгэн санаанаасаа зохиогоогүй. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхдаа 12 хайрцаг материал, хурлын протоколыг сөхөж үзсэн.

Түүнээс харахад, 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа буюу 1996 онд Төрийн ба орон нутгийн тухай хуулийг хэлэлцэх үед Б.Чимэд гуай “Төрийн нийтийн өмч” гэсэн нэр томьёог гаргасан байна.

Б.Чимэд агсан "Нийт ард түмний ашгийн тулд байх ёстой тул байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж тодорхойлох нь зүйтэй" хэмээн хэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг захиран зарцуулах, ашиглах, эзэмших статусыг хоёр ангилж, тусгай нэр томьёо оруулсан нь Төрийн өөрийн өмч, төрийн нийтийн өмч юм.

Үүнд “Төрийн өөрийн өмч” гэдэгт төрийн өмчийн барилга, байгууламж зэрэг нь багтахаар тодорхойлсон. Харин төрийн өөрийн өмчийн доорх газар нь “Төрийн нийтийн өмч” буюу ард түмний өмч байна гэж тодорхойлсон.

Тухайн үед Б.Чимэд гуай зориуд Үндсэн хуулийг тодотгохын тулд ард түмний өмч болгон заасан бүх зүйлийг "төрийн нийтийн зориулалтын буюу төрийн нийтийн өмч гэнэ" хэмээн оруулж өгсөн.

АНУ зэрэг зарим улс орон газрын хэвлийн баялгийг гадаргуутай нь хамт Үндсэн хуулиар өмчлүүлэхээр заасан байдаг. Харин манай улсад "газрын хэвлийн баялаг нь төрийн нийтийн өмч” байна гэсэн утгаар зориуд тодотгож өгсөн юм. Энд ямар нэг гадаадын иргэнд газар өмчлүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй.

Мөн төрийн нийтийн өмчийг хэн өмчлөх тухай Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гээд тодорхой заасан.

Тиймээс гадуур яригдаад, буруу дэвэргээд байгаа зүйл нь ор үндэсгүй. Хэрвээ зохион байгуулалттайгаар ийм худал мэдээлэл гаргасан бол Үндсэн хуульт байгууллагын эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээс өөр аргагүйд хүрнэ.

Учир нь байгалийн баялгийг ард түмний дундын өмч нэрээр эзгүйдүүлж, авилгачид, олигархууд дураараа дургиж байсныг энэ хуулиар хязгаарласан. 

Өөрөөр хэлбэл "Ашигт малтмалын лиценз нэрээр Монгол Улсын газар шороо эзгүйдэж байна" гэсэн ард түмний шүүмжлэлийг хүлээн авч, байгалийн баялгийнхаа менежмент, ашиглалтыг хараа хяналттай болгосон.

Бүр тодруулбал, ард түмнээс сонгогдсон төлөөллүүд багтсан УИХ-ын үйл ажиллагаа ил тод байдаг учраас үүнийг УИХ-ын хяналтад авчирч, илүү чангаруулсан.

Үүнийг л эсрэгээр нь тайлбарлаад байгаа нь ямар санаатай үйлдэл вэ гэж эргэлзэхэд хүргэж байна” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар ярилаа.

“Төрийн нийтийн өмч” гэдэг нь төрийн нийтийн зориулалттай өмч гэсэн утгатай томьёолол"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийг тайлбарлана гэдэг нь ердийн ойлголтоор мушгин гуйвуулах бус шинжлэх ухаан юм.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг зөвхөн нэг заалтаар нь бус бүтэн хуулиар нь харж, түүний цаана байгаа үзэл баримтлал, текст, хэрэгжиж ирсэн түүх, тус хуулийн талаар хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний бүтээл дээр тулгуурлан тайлбарладаг.

Тиймээс Үндсэн хуулийн 6.2-ыг тайлбарлахад бусад заалтууд зайлшгүй үйлчилнэ" гэв.

Үргэлжлүүлэн "1992 оны Үндсэн хуулийн текстээр “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч” гэсэн нэр томьёотой орсон. Харин 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр "төрийн өмч" гэдэг үгийг хөндөөгүй.

Дараа нь мөн оны долдугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч санал оруулахдаа “төрийн өмч” гэснийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал дэвшүүлсэн. Ингээд шууд “нийтийн өмч” гэдэг үгийг авахаас УИХ дээр татгалзсан.

Дараа нь УИХ-ын гишүүд "нийтийн" гэдэг үг орох нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ “нийтийн” гэх үг нь өмчийн төрлийг нь илэрхийлнэ. Харин “төрийн” гэдэг нь хэлбэрийг нь илэрхийлнэ гэж үзсэн юм.

Өөрөөр хэлбэл “Төрийн нийтийн өмч” гэдэг нь Төрийн нийтийн зориулалттай өмч гэдгийг товчилсон томьёолол.

Агуулгын хувьд ч “төрийн нийтийн өмч” гэдэг нь гурван чухал утгыг илэрхийлнэ.

  1. Энэ баялгийг зөвхөн нийтийн ашиг сонирхол буюу Монголын ард түмний нийтлэг эрх ашиг сонирхолд нийцүүлж, хангах байдлаар ашиглана гэж зорилгыг нь тодорхой болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг шийдвэрлэж байгаа субъект нь хувь хүмүүсийн өмч шиг дур зоргоороо шийдэхгүй бөгөөд гаргах шийдвэр нь нийтийн ашиг сонирхолд л захирагдах ёстой гэсэн хязгаарлалтын зарчим явж байгаа.
  2. Монгол Улсын ард түмнийг зөвхөн УИХ төлөөлдөг. Ард түмний төлөөлөл болсон УИХ төрийн нийтийн өмчийн хувьд заяаг шийдвэрлэх гол шийдвэрийг гаргана гэсэн агуулга орж буй.
  3.  УИХ нь байгалийн баялагтай холбоотой шийдвэрийг хангахдаа олон нийтийн оролцоог хангах, ялангуяа олон нийтийн санаа бодлыг сонсох, хяналтыг нь хангах гэсэн агуулга бий.

Үндсэн хуулийн 6.2 заалтад орсон өөрчлөлт нь зөвхөн нэр томьёоны өөрчлөлт биш. Тиймээс "төрийн нийтийн өмч" гэдгийг гадаадын иргэн, байгууллага, албан тушаалтанд өмчлүүлэх, эзэмшүүлэх гэсэн утгаар ойлгож болохгүй” хэмээн илтгэлдээ дурдав.