Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр настай охиныг 9 оёдол тавиулах хүртэл урсан нохдын эзнийг 100,000₮-өөр торгоод орхиж байгаад гомдолтой байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Фэйсбүүк хуудсаас авав.

Хоёр настай охиныг урд хашааных нь хоёр, гурван нохой урж, эмнэлэгт хэвтэхэд хүргэжээ.

Гэсэн ч уг хэргийг Зөрчлийн тухай хуулийн хүрээнд нохойн эзнийг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлээд хаахаар болсон байна.

Охин нохойд уруулдаг өдөр буюу долдугаар сарын 28-нд аав, ээж нь хөдөө ажлаар явчихсан байсан бөгөөд 11 дүгээр ангийн эгч нь өндөр настай өвөө, эмээтэй нь хамт харж байжээ.

 "Өөр айлын нохой хажуу айлын хашаанд орж ирээд дүүг маань хазсан"

Болсон явдлын талаар нохойд уруулсан охины авга эгч Г.Батсайхан хэлэхдээ “11 дүгээр ангийн эгч нь хажуу хашааныхаа айлд хичээлээ хийж байгаад жорлон явах гээд гэрээс гарахад охин дагаж гараад нохойд хазуулчихсан гэсэн. Түүнийг гэрээс нь гарах үед хоёр, гурван нохой нэгэн зэрэг дайрч, цус нөжтэй нь хольтол урж, зуусан гэж гэрчүүд хэлж байгаа юм.

Хамгийн гол нь урсан нохой нь манай хажуугийн айлынх биш бөгөөд урд гудамжны айлын нохой тэдний хашаанд орж ирээд дүүг маань хазсан байна лээ.

Тэжээвэр амьтнаа сул явуулж, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан гээд бид Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэвч хуулийн дагуу нохойн эзнийг 100,000 төгрөг торгоод л энэ хэрэг хаагдах гэж байна" хэмээн ярив.

"Нохойд уруулснаас болж охин есөн оёдол тавиулж, эмнэлэгт хэвтсэн"

Мөн тэрбээр "Надад айж ичээд байх зүйл алга. Хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Нохойд уруулснаас болоод нийт есөн оёдол тавиулсан. Өнөөдөр (2020.08.18) хамгийн сүүлийн оёогоо авхуулсан.

Гэтэл тус хэргийг шалгаж байгаа байцаагч нь "Дүүгийн чинь гэмтлийг эмнэлгийн магадалгаагаар хөнгөн гэмтэл гэж үзсэн учраас Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгох л арга хэмжээ авна. Тиймээс тухайн хүний торгуулийн 100,000 төгрөгийг улсад өгч байхаар танайх авсан нь дээр" гэж зөвлөсөн.

Хамгийн гол нь дахиад миний дүүгээс өөр хэн нэг хүүхэд араатанд ингэтлээ уруулж, эрүүл мэндээрээ хохирвол 100 мянган төгрөгөөр торгохоос өөр ямар ч хариуцлага байдаггүй гэдэгт нь гомдолтой байна” хэмээн онцлон тайлбарлав.

Хуулийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.

"Гэмтлийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол хохирогчид дахин дүгнэлт гаргуулах боломжтой"

Цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Тухайн асуудал Зөрчлийн тухай хуулийн 5.19-д зааснаар шалгагдаж байна. Учир нь уг асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэхэд хүндэвтэр болон хүнд гэмтэл шаардагдана.

Хэрэв урьд нь гарсан гэмтлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хохирогчид дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжтой байдаг" гэлээ.

Өөрөөр хэлбэл, Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины биед хөнгөн гэмтэл гарсан хэмээн үзсэн учраас цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцохоос өөр аргагүй аж.

Зөрчлийн тухайн хуулийн 5.19 дэх зааснаар "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ.

Эрүүгийн хуулийн 20.15-д:

1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заасан байна.