Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гэрэлмаа: Цэцэрлэгийн хүүхдүүд анги, танхимдаа амны хаалт зүүхгүй

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МХЕГ-ын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа сэтгүүлчийн асуултад хариулав.

-Сургууль, цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүд анги танхимдаа амны хаалт байнга зүүх үү?

-Цэцэрлэгийн багш ажилчид нь байнга амны хаалтаа зүүх шаардлагатай. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ хүлээлгэж өгөх хүртлээ өөрсдөө болон хүүхдэдээ амын хаалт зүүлгэх ёстой.

Харин хүүхдүүд цэцэрлэг дээрээ буюу анги танхимдаа амны хаалт зүүхгүй байх зохицуулалт хийсэн. Ер нь цэцэрлэгийн хүүхдүүд ангидаа амны хаалт байнга зүүх боломж байхгүй.

Сургуулийн хувьд, өдөрт 3-4 цагийн л хичээл орох учраас хүүхэд, багш, ажилчид бүгд амны хаалттайгаар сургалтын үйл ажиллагааг явуулна. Энэ бол сургалт явагдах ерөнхий шаардлагуудын нэг.

Мөн цагийн зохицуулалт, нэг ангид байх хүүхдийн тоо 20-25 байх, зай барих зэрэг халдвар дамжуулахаас урьдчилан сэргийлэх зохицуулалт давхар хэрэгжинэ.

-Цар тахлын үед бага ангид "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжих үү?

-Энэ жил ЕБС-ийн хүүхдийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээний хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 53 дугаар тогтоол гарсан.

Үүнд, үе шаттайгаар хоол, үйлдвэрлэлийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд 2021-2022 оны хичээлийн хилээс эхлэн бага ангийн хүүхдэд хоолоор үйлчилнэ гэж заасан.

Тиймээс энэ жил "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжинэ гэсэн үг.

БШУЯ-наас гарсан тушаал шийдвэрээр "Үдийн цай" хөтөлбөрийг халдвар хамгааллын дэглэмийг баримталж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тиймээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэлийг хангуулахад манай байгууллага хяналтаа тавиад явна.

Хүүхдэд зориулсан амны хаалтны стандарт тусдаа байдаг уу?

-Манай улсад амны хаалтны үндэсний стандарт батлагдсан.

Өнөөдрийн байдлаар амны хаалтын нийлүүлэлт хангалт нь харьцангуй гайгүй байна. Тиймээс гол нь эцэг, эхчүүд хүүхдэдээ амны хаалт зүүлгэх, зөв хэрэглүүлэх, хэрэглэсэн амны хаалтыг заавал зориулалтын хогийн саванд хийлгэх зэргээр аль болох хүүхдээ халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдүүлэхэд тодорхой үүрэг хүлээнэ.