Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Сурагчид өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл сургууль руу оруулахгүй тул эцэг, эхчүүд буцааж авч явах зохицуулалт хийсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэл хийлээ.

"Энэ сарын 20-ноос сургууль, цэцэрлэгүүдэд хийх хяналт, шалгалтыг эхлүүлнэ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мэдээллийн үеэр "Цар тахлын үед сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулах бэлэн байдлаа хэрхэн хангасанд хяналт шалгалт хийх ажил энэ сарын 20-ноос эхлэн хоёр үе шаттайгаар явагдана" гэдгийг МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн хэллээ.

Тэрбээр "Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаагаа явуулах бэлэн байдлаа хэрхэн хангасан талаарх хяналт шалгалтын ажил энэ сарын 20-ноос эхлэн хоёр үе шаттайгаар явагдана.

Хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын байгууллагын Боловсролын, Эрүүл ахуйн халдвар хамгааллын болон Хүнсний аюулгүй байдлын хяналтын байцаагч нар хийнэ. Бид сургуулиудын халдвар хамгааллын дэглэм, хоорондын зай барих асуудалд маш сайн анхаарна" гэв.

"Сургууль, цэцэрлэгүүд зайлшгүй мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэнэ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа “Халдвар хамгааллын дэглэм баримтлах асуудалд тусгайлан боловсруулсан дэглэм бий. Үүний дагуу, сургалтын байгууллагууд бэлэн байдлаа хангах шаардлагатай. 

Бид хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгүүдийн ойр орчим болон сургуулийн байр, дотуур байр, барилга байгууламжуудад мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэнэ. Энэ бол жил бүр хийгддэг ажил. 

Гэхдээ энэ жил онцгой нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа учраас сургууль, цэцэрлэг зайлшгүй мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх бэлтгэлээ хангах хэрэгтэй.

Мөн бүх багш, ажилчдыг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтад хамруулсан байх ёстой гэсэн зөвлөмж өгч буй.

Нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суухаар, ширээ сандлуудыг 1-1.5 метрийн зайтайгаар байрлуулж, өдөрт дөрвөөс илүүгүй цаг хичээллүүлэх байдлаар зохион байгуулсан байх ёстой.

Түүнээс гадна халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийн тулд сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд өглөө бүр багш, сурагчдын биеийн халууныг хэмжиж, тандалт судалгаа хийх хэрэгтэй.

Эцэг, эхчүүд өмнөх шигээ хүүхдээ сургуулийн гадна хүргээд орхих биш, заавал багшид нь хүлээлгэн өгнө. Тандалт судалгаагаар сурагчид өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл сургууль руу оруулахгүй тул буцааж авч явах зохицуулалт хийсэн. Тиймээс сургалтын үйл ажиллагааг явуулахад эцэг, эхчүүдийн ч оролцоо чухлаар яригдана” гэв.