Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины хэмжээтэй астероид дэлхийгээс 3,000 км зайтай нисэж өнгөрснийг хүмүүс сүүлд мэджээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Суудлын автомашины хэмжээтэй астероид өнгөрсөн Ням гарагт дэлхийн гадаргаас 3,000 км орчим зайтай нисэж өнгөрсныг астрономичид сүүлд мэджээ.

Судлаачдын үзэж байгаагаар энэ нь сансрын биет агаар мандалд орж ирэлгүйгээр манай гарагт хамгийн их ойртсон тохиолдол юм байна.

Хэдийгээр хэмжээний хувьд аюул учруулахаар том биш, дэлхийн агаар мандалд орж ирсэн тохиолдолд газарт хүрэлгүй ихэнх хэсэг нь шатаж устах байсан ч хүн төрөлхтөн ийм ойрхон нисээд өнгөрснийг мэдээгүй нь айдас төрүүлж байгаа юм.

Уг астероид нарны зүгээс ирсэн тул урьдчилж харах боломжгүй байсныг NASA-гийн Дэлхийд Ойрхон Биетүүдийг Судлах Төвийн захирал Пол Кодас тайлбарлажээ.

Калифорни дахь Паломар ажиглах төв уг астероидыг дэлхийн хажуугаар нисэж өнгөрснөөс нь хойш зургаан цагийн дараа л илрүүлсэн байна.

“Агаар мандалд орж ирж байсан цөөн хэдэн сансрын биетийг эс тооцвол өчигдрийн үйл явдал нь бидэнд мэдэгдэж байгаа астероид дэлхийд хамгийн их ойртсон тохиолдол боллоо” гэж Кодас мэдэгджээ.

2020 QG гэж нэрлэгдсэн уг астероид дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст, Австралийн зүүн хэсгээр Антарктид тивийн харалдаа секундэд 12.4 км хурдтай нисэж өнгөрсөн байна. Астероидын хэмжээг 2-5.5 метр орчим диаметртэй гэж тооцоолжээ.

Хэрвээ дэлхийн агаар мандалд орж ирсэн бол өчүүхэн хэсэг нь газрын гадаргаас 3-5 км өндөрт дэлбэрэх байсан гэнэ. Энэ үед гэрэл гялбаж, дэлбэрэлтийн чимээ сонсогддог. Гэхдээ астероид нь харьцангуй жижиг тул хүмүүсийн ихэнх нь мэдэлгүй өнгөрөх магадлалтай гэнэ. Харьцуулбал 2013 онд ОХУ-ын Челябинск орчимд 20 метр диаметртэй астероид агаар мандалд орж ирэхэд 500 килотоннын хүчтэй дэлбэрэлт үүссэн нь Хирошимад хаясан атомын бөмбөгний хүчин чадлаас 30 дахин өндөр байжээ.

Уг дэлбэрэлт газраас 20 км өндөрт болсон ч Оросын зургаан хотын барилга байшингийн цонхнуудыг хагалж, 1,500 орчим хүнийг гэмтээсэн байдаг.

2005 онд АНУ-ын Конгрессоос өгсөн үүрэг даалгаврын дагуу NASA дэлхийд аюултай сансрын биетүүдийг ажиглаж эхэлжээ. Гэвч тус байгууллага 140 метрээс илүү диаметртэй биетүүдийг л хянах үүрэгтэй ажиллаж байна.

Хэрвээ Челябинск орчимд дэлбэрсэн шиг биет нарны зүгээс ирэх юм бол урьдчилж мэдэх ямар ч аргагүй гэдгээ NASA мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider