Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны салбарын борлуулалт эхний хагас жилд 1.2 их наяд төгрөгөөр буурчээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний хагас жилд 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 10% буурсан байна. 

Эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 9.7 хувиар буурсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл ДНБ ийнхүү 9.7 хувиар буурсны 1.5 нэгж нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт ногдож байгаа юм.

Худалдааны салбарын борлуулалтын орлого эхний хагас жилд

  • 52.8% нь бөөний худалдаа
  • 47.2% нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. 

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого эхний хагас жилд 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 797 тэрбум буюу 13.3%-аар, бөөний худалдааны борлуулалтын орлого 5.8 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 396.4 тэрбум төгрөг буюу 6.4%-аар тус тус буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлээд байна. 

Худалдааны салбарын нийт борлуулалтын 84.4% нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт 2020 оны эхний хагас жилд 9.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөг буюу 11.8% буурчээ.