Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тухай худал мэдээлэлд итгэсний улмаас дэлхий даяар олон зуун хүн амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

“American Journal of Tropical Medicine and Hygiene” сэтгүүлд саяхан нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлснээр энэ оны эхний гурван сарын хугацаанд сошиал сүлжээнд тарсан коронавирусийн тухай худал мэдээллийн улмаас дэлхий даяар 5,800 орчим хүн эмнэлэгт хүргэгдэж, тэдгээрээс хамгийн цөөндөө 800 орчим нь амиа алдсан байна.

Хамгийн олон хүн сошиал сүлжээнээс уншсан зөвлөгөөний дагуу спиртийн найрлагатай цэвэрлэгээний бодисыг халдвараас сэргийлэх зорилгоор уусны улмаас өвджээ. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага цар тахлын эхэн үед худал мэдээлэл нь вирусээс дутахгүй хурдан тарж, хүмүүст аюул учруулж болзошгүйг анхааруулж байв.

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд сармис их хэмжээгээр идсэн, витамин тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд олон байжээ.

Мөн элдэв төрлийн шингэн бодис, жишээ нь үхрийн шээс ууж хордсон тохиолдлууд олон байсныг судлаачид дурдсан байна.

“Infodemic” буюу мэдээллийн тахлын эсрэг эрх баригчид, олон улсын байгууллагууд, сошиал платформууд анхаарал тавьж ажиллаагүй нь олон зуун хүний аминд хүргэсэн гэж дүгнэжээ.

Ялангуяа сошиал платформ эзэмшигч компаниуд худал, хуурамч мэдээллийг тарахаас сэргийлэхэд хэтэрхий удаан хойрго хандсаныг шүүмжилжээ.

Өөрийн эрүүл мэндийг хохироохоос гадна худал цуурхалд итгэсэн хүмүүс бүлэглэн нэгнийхээ амийг хөнөөх, харилцаа холбооны станцыг шатааж сүйтгэх, бусдын эд хөрөнгөнд гал түймэр тавих зэрэг сөрөг үзэгдлүүд дэлхийн олон оронд гарсан юм.

Мөн зальт этгээдүүд цар тахлын дуулианыг ашиглан эмчилгээний хуурамч бараа бүтээгдэхүүнээ онлайнаар зарж, их хэмжээний ашиг олсныг судалгаанд өгүүлжээ.

Цаашдаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажилд сошиал сүлжээгээр тарсан худал мэдээлэл саад болох төлөвтэй байгааг анхааруулсан байна.

Жишээ нь саяхан явуулсан санал асуулгаар Америкчуудын 28 хувь “Билл Гэйтс вакцин ашиглан хүмүүсийн биед бичил чип суулгах гэж байгаа” гэсэн онолд итгэдэг нь харагджээ.

 

Эх сурвалж: BBC