Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд бүртгэгдсэн коронавирусийн халдвар авсан 293 хүний 71% нь эрэгтэй, дундаж нас 27 байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"Өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улс давхардсан тоогоор 42,355 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн" тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрбээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлуудын тандалт, судалгааны талаар өнөөдөр ЭМЯ-ны хурлын үеэр танилцуулсан юм.

"Батлагдсан тохиолдлуудын 70.6% нь эрэгтэй, 29.7% нь эмэгтэй"

А.Амбасэлмаа "Бид нэгдүгээр сарын 8-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 18,793 хүнийг тандалт судалгаа, шинжилгээнд хамруулж, 293 тохиолдлыг илрүүлжээ.

Нийт батлагдсан тохиолдлуудын 70.6 хувь буюу 206 нь эрэгтэй, 29.7 хувь нь буюу 87 нь эмэгтэй бөгөөд 6-80 насны хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, манай улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлуудын дундаж нас нь 26.7 байна.

Тэдгээр иргэн дунд 15-аас доош настай 8 хүүхэд байгаа бол 55-аас дээш насны 12 хүн эмчлэгдсэн бөгөөд өвчтөнүүдийн дундаж ор хоног нь 28 байгаа юм" гэв.

"Батлагдсан тохиолдлуудын 1-2%-д өтгөний шинжилгээгээр нь коронавирус илэрч байсан"

Үргэлжлүүлэн "Бид COVID-19-ийн улмаас ХӨСҮТ-д эмчлүүлээд эдгэрч, гарсан 141 хүний эмнэлгийн түүхэд судалгаа хийсэн.

Тэдгээр хүмүүсийн:

  • 110 буюу 78 хувь нь оюутан,
  • 16 нь буюу 11.3 хувь нь ажил эрхэлдэг хүмүүс,
  • 3.5 хувь нь ажилгүй иргэд байжээ.

Мөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 77 хувь нь суралцах зорилгоор, 11 хувь нь ажиллах зорилгоор гаднын улсыг зорьсон гэж хариулсан байна. Түүнчлэн өвчтөнүүдийн 30 гаруй хувьд нь вирус илрэх үед эмнэл зүйн ямар нэг шинж тэмдэггүй байсан. Энэ нь манай улс гаднаас ирсэн иргэдээ шинж тэмдэг илрээгүй үед нь тандалтад хамруулж байсантай холбоотой.

Судалгаанд хамрагдсан 141 тохиолдлын,

  • 46.4 хувьд нь халуурах,
  • 42.9 хувьд нь хоолой өвдөх,
  • 42.9 хувь нь ханиалгах,
  • 37.2 хувьд нь толгой өвдөх,
  • 26 хувьд нь нус гоожих,
  • 19 хувь нь гүйлгэх,
  • 17 хувьд нь ядарч сульдах,
  • 14 хувь нь булчин өвдөх,
  • 10.7 хувь нь дотор муухайрах, амьсгал давчдах, хамар битүүрэх,
  • 8.9 хувьд нь жихүүдэс хүрэх,
  • 3.6-5.4 хувь нь амтлах чадвараа алдах шинж тэмдэг илэрч байсан байна.

Харин батлагдсан нийт тохиолдлуудын,

  • 85 хувь нь хамар, залгиурын арчдасын шинжилгээгээр,
  • 14.1 хувь нь хоолойн арчдасын шинжилгээгээр,
  • 1-2 хувьд нь өтгөний шинжилгээгээр вирус илэрч байжээ.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1022493051534695

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.