Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Парис хот сүүлийн 100 гаруй жилийн түүхэндээ хамгийн халуун зуныг үзэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Францын нийслэл Парис хотод ойрын өдрүүдэд ер бусын халуун болж байна. Сүүлийн долоон өдрийн агаарын дундаж температур Цельсийн 30 хэмээс буугаагүй ба энэ байдал ирэх долоо хоногийн дунд хүртэл үргэлжлэхийг Францын цаг уурын хүрээлэн мэдээлжээ.

Өнгөрсөн Ням гарагт тус хотод Цельсийн 39 хэм хүрч халсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Хамгийн сүүлд 2003 онд Парис хотод 10 өдөр үргэлжилсэн их халуун болж байв. Үүнээс өмнө хамгийн сүүлд 1873 онд ингэж халж байсныг Францын цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтэн Франсуа Жобар мэдээлжээ.

Парис хотын захиргаа Пүрэв гарагт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, эмзэг бүлгийнхэнд дэвүүр, орон гэргүйчүүдэд ундны ус тараах зэрэг арга хэмжээг авсан байна.

2003 оны зун болсон их халалтын үеэр Франц даяар 15,000 хүн нас барж байв. Тэр үеэс хойш жил бүрийн зун эрх баригчид хэт халалтаас сэргийлэх бэлтгэл хангадаг болсон байна.

Энэ зун Францын газар нутгийн тал орчимд агаарын температур өндөр байна гэсэн анхааруулгыг цаг уурчид гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт тус улсын баруун өмнөд нутагт 40 хэм хүрсэн нь хамгийн өндөр халалт болсон байна.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Франц улсын нутаг дэвсгэрийг агаарын халуун урсгал дайрах үзэгдэл нэмэгдэж, жилээс жилд улам бүр эрчимжиж байгаа.

Энэ байдал 21 дүгээр зууны турш үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид анхааруулж байна.

Энэ оны долдугаар сар нь жилийн дунджаасаа илүү дулаарсан 14 дэх дараалсан сар болжээ. 1900 оноос хойшх хугацааны хамгийн дулаан нэгээс долдугаар сарын үе энэ онд тохиосон байна.

 

Эх сурвалж: Bloomberg