Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дэглэм сайн сахиагүй тохиолдолд АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо энэ оны сүүлээр 300,000 хүрнэ гэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ амны хаалт зүүх, олон нийтээс өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг томоохон хотуудын оршин суугчид авч хэрэгжүүлэхгүй бол коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо АНУ-д энэ оны сүүлчээр 300,000 хүрэхийг Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүн харуулжээ.

Тус их сургуулийн нэр хүндтэй салбар болох Эрүүл Мэндийн Хэмжилт, Үнэлгээний Хүрээлэнгийн эрдэмтдийн баг энэхүү судалгааны үр дүнг Пүрэв гарагт танилцуулсан байна. Эсрэгээрээ америкчууд дэглэмээ сайн сахиж чадвал энэ онд 70,000 хүний амийг аврах боломжтой гэж тэд дүгнэжээ.

“АНУ-д хүмүүс галзуу хулгана дээр суусан мэт байна. Халдвар нэмэгдэх үед амны хаалт зүүж, олноос өөрийгөө тусгаарлаж байгаа бол халдвар буурахаар энэ бүх арга хэмжээг мартаж байна” гэж судалгааг гүйцэтгэсэн хүрээлэнгийн захирал, доктор Кристофер Муррай мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар АНУ-д 159,000 гаруй хүн Covid-19 өвчний улмаас нас бараад байна. Харин өдөрт илэрдэг халдварын тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд буурах хандлагатай байгаа юм.

Өмнө нь тахлын төв байсан Аризона, Калифорни, Флорида, Техас мужуудад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд буурч эхэлсэн бол Колорадо, Айдахо, Канзас, Кентаки, Миссиссиппи, Миссури, Охайо, Оклахома, Орегон, Виржиниа мужуудад нэмэгдэж эхэлснийг доктор Муррай мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian