Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хилс хэргээр 27 жил шоронд хоригдсон хүнийг Хятадын шүүх цагаатгажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хятадын зүүн бүсийн Жяньси мужийн шоронд 27 жил хоригдсон эрэгтэйг цагаатгаж, суллах шийдвэрийг тус улсын дээд шүүх энэ долоо хоногт гаргажээ.

Хэлмэгдсэн хүн болох Зань Юхуан нь 1993 онд хоёр хүүгийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, хүчээр хэрэг хүлээж байсныг шүүх тогтоосон байна.

Ингэснээр тэр Хятадын түүхэнд хилс хэргээр хамгийн олон жил хоригдсон хүн болж бичигджээ. Мягмар гарагт Зань олон жилийн дараа 83 настай ээжтэйгээ болон өмнөх эхнэртэйгээ уулзаж буй сэтгэл хөдөлгөм үйл явдлыг Хятадын хэвлэлүүд үзүүлсэн байна.

Хятадын прокурорууд хүч хэрэглэн сэжигтэнд хэрэг хүлээлгэдэг явдал түгээмэл байсан юм. Харин 2010 оноос эхлэн тус улс шүүхийн тогтолцоондоо шинэчлэл хийж, энэ явдлыг эрс бууруулаад зогсохгүй, өмнө нь хэлмэгдсэн хүмүүсийн хэргийг дахин шалгаж эхэлжээ.

Үр дүнд нь өнөөдөр цаазын ялыг Хятадын дээд шүүх заавал баталдаг болсон байна.

Гэхдээ энэ шинэчлэл улс төрийн хэрэгтнүүдэд үйлчлэхгүй байгааг гадныхан шүүмжилдэг.

Занийг шоронд хоригдсоны дараа хоёр хүүтэй үлдсэн эхнэр нь 11 жилийн өмнө дахин гэрлэж байжээ. Гэхдээ тэр хуучин нөхрийнхөө хэргийг дахин шүүлгэхээр давж заалдахад гол үүрэг гүйцэтгэсэн гэнэ.

Заний өмгөөлөгч Ван Фэй үйлчлүүлэгчийнхээ хохирлыг нөхөн төлүүлэхээр ажиллаж байгаагаа хэвлэлд ярьжээ. 1993 оны аравдугаар сард Жяньси мужийн Жинсян тосгоны цөөрмөөс хоёр хүүгийн цогцос олдож байв. Зань хохирогч хүүхдүүдийн хөрш байсан тул хамгийн түрүүнд сэжиглэгдэж байжээ.

Ингээд 1995 онд Жяньси мужийн шүүх түүнд цаазын ял оноож, дараа нь бүх насаар хорих ял болгон өөрчилж байв. Хэд хэдэн удаа давж заалдсан ч амжилт олоогүй байна. Харин 2019 оны гуравдугаар сард Хятадын дээд шүүх түүний гомдлыг хүлээн авч шалгаад нотлох баримт хангалтгүй байхад хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж дүгнэжээ.

1993 оны аллагын хэргийг хэн үйлдсэн нь илрээгүй үлдсэн байна.

 

Эх сурвалж: BBC