Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулахаар болов

ikon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй Шинэ Яармаг дэд төвийн В блокд 1,000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн Монгол, Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулах чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Улмаар БНСУ-ын Засгийн газрын холбогдох агентлагаас 2020 оны долдугаар сарын 8-ны өдөр “Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төсөл шалгарсан тухай албан ёсны мэдэгдлийг ирүүлээд байна.

Төслийн хүрээнд:

  • Стартапыг дэмжих мэдлэг олгох мөн холбогдох боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулан ажиллах хүрээнд энтрепренер боловсрол, хурдасгуур, инновацийн хүний нөөц, гарааны бизнес эрхлэгч нарыг Монгол, Солонгосын мэргэшсэн экспертийн баг хамтран хөгжүүлэх,
  • Монгол-Солонгосын бизнесийн орчинг сайжруулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож ажиллах хүрээнд мэдлэг, мэдээлэл мөн сайн туршлагыг солилцох, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, түүний эргэх хөрөнгийг нэмэгдүүлэх, гарааны бизнес хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хэрэгжүүлнэ.

Ингэснээр, Монгол Улсад гарааны бизнесийн эрүүл экосистемийг бий болгох, ээлтэй хууль эрх зүйн орчинг цогцлоох ба НҮБ-ийн Тогтвортой Хөгжлийн Зорилт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын биелэлтийг хангах юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар