Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тоймыг та бүхэндээ хүргэж байна.
Улсын Онцгой Комиссын хуралдаанаас цахимаар үзүүлэх Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг баталсан билээ. Энэ дагуу наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, 512 бөхийн барилдаан, сур, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 13-р зуун цогцолборт зохион байгуулагдсан бол хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт үзэгчгүй болж өндөрлөлөө.
Наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар "Херо энтертайнмент"-ийн ерөнхий найруулагч Б.Баатар ажилласан юм.
Баяр наадмын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж хэлсэн үгэндээ "...Эрийн гурван наадам бол монгол угсаатны мянганаас мянганд улбаалсан нүүдэлчин соёлын цөм, түүх шастир, сүсэг бишрэл, ёс заншил, үндэсний сэтгэхүйн цогц, Монгол төрийн оршин тогтнохуйн оюун санааны дархлааны онцгой чухал хэсэг нь билээ.
Монгол наадам нь эх дэлхийгээ хайрлах хүмүүн байгалийн төгс зохирол, шүтэн барилдлага болохын хувьд хүн төрөлхтний иргэншил, соёлын оюун санааны үнэт өв хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн болохыг онцлон тэмдэглэхэд нэн таатай байна.
Хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж, газар дэлхий өнгө гэрлээ асааж, монгол хүн бүр уламжлалт соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, шинэ цагийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан технологийн эрин үеийн ололттой хөл нийлүүлэн алхах сайхан цаг үе айлчлан ирээд байна. Энэхүү шинэ эриний босгон дээр монгол хүний эрдэм чадал, Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ" хэмээсэн юм.
ВИДЕО:
Үндэсний Их баяр наадамд нийт 512 бөх хүч бяраа сорьсноос 93 нь улсын цолтой бөх байв.
Улсын аварга Н.Батсуурь улсын харцага М.Бадарчаар, улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан Б.Пүрэвсайханаар найм давж, үзүүр түрүү булаалдахаар шалгарсан бөгөөд арслан П.Бүрэнтөгс Н.Батсуурь аваргаар ес даван Төрийн их баяр наадамдаа хоёр дахь удаагаа түрүүлэн ШИНЭ АВАРГА цолтон төрлөө. Үзүүр түрүүнд үлдсэн аварга, арслан хоёр хоёулаа Увс аймгийн харьяат, "Увс нуур" бөхийн дэвжээнийн бөхчүүд юм.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 419 аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд зодоглосон юм. Үүнээс аймаг, цэргийн арслан цолтой долоон бөх улсын начин, хоёр бөх улсын харцага цолонд хүрсэн. Мөн улсын начин Ц.Одбаяр зургаа давж харцага, улсын харцага М.Бадарч долоо даван, заан цолтон боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, шинээр төрсөн улсын цолтнууд болон цолоо ахиулсан бөхчүүдэд УЛСЫН НАЧИН, ХАРЦАГА, ЗААН цол олгов.
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дөрвөн насны хурдан морины уралдаан, эрлийз морьдын хоёр насны уралдаан Хүй долоон худагт зохион байгуулагдлаа.
Улсын баяр наадамдаа тоос өргөж, айргийн тавд давхисан зургаан насны морьдын мэдээллийг нэгтгэн хүргэвэл,
АЗАРГА: Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 104 хурдан азарга шандсаа сорьсноос:
Дэлгэрэнгүйг: АЗАРГА: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ
ИХ НАС: Их насны морьдын уралдаан 210 адуу оролцов.
Дэлгэрэнгүйг: ИХ НАС: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун морь түрүүллээ
СОЁОЛОН: Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 184 хурдан үрээ бүртгүүлжээ.
Дэлгэрэнгүйг: СОЁОЛОН: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүү магнайд ирлээ
ДААГА: Энэ жилийн дааганы уралдаанд 49 хурдан даага оролцож, шанадасаа сорьсон юм.
Дэлгэрэнгүйг: ДААГА: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ
ХЯЗААЛАН: Үндэсний их наадамд 170 гаруй шандаст хүлгүүд уралдсанаас,
Дэлгэрэнгүйг: ХЯЗААЛАН: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаярын хар үрээ түрүүллээ
ШҮДЛЭН: Төрийн их баяр наадамдаа уралдахаар 313 шүдлэн бүртгүүлснээс 70 орчим нь гарааны зурхайгаас хөдөлж, шандас шалган уралдлаа.
Дэлгэрэнгүйг: ШҮДЛЭН: Айргийн тавд хурдалсан хүлгүүд
Баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн дөрвөн харваач улсын цол хүртлээ.
Эрэгтэй харваачдаас, 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын мэргэн Дамиранбазарын Дэмбэрэлсайханд Монгол Улсын “Даян мэргэн” цол хүртэв.
Эмэгтэй харваачдаас, 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Лхагвасүрэнгийн Одсайханд “Монгол Улсын мэргэн” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.
Холбоотой мэдээ:
Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ. https://ikon.mn/n/1xqd
Үндэсний сурын харвааны шилдгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, фото сурвалжилгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний их баяр наадмыг хааж "Монгол наадам бол монгол түмний цэнгэлийн манлай, өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлын цогц юм.
Наадам монголчуудын эв нэгдлийг бататгаж, үндэсний бахархлыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн аугаа их соёлоо үеэс үед уламжлан, Төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээ.
Эрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо" хэмээн хэлснээр хүндэт харуулууд Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордонд ёслол төгөлдөр заллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!