Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ, Засгийн газрын гишүүдийг наадмын талбайд оруулахгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn 2019 он.

 -Үзэгчгүй наадмын эргэн тойронд-

 Коронавирусийн цар тахлын улмаас энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад өөрчлөлт оруулаад буй. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг баримтлан Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийслэл, орон нутагт нэгэн зэрэг зохион байгуулах болсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Баяр наадмыг хотоос 97 орчим км, Төв аймгийн Эрдэнэ сумаас урагш 19 орчим км-т байрлах “Женко тур бюро” компанийн “13-р зуун цогцолбор”-т зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа. Харин хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоон худагт зохион байгуулагдах юм.

Баяр наадмын ерөнхий найруулагчаар “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар томилогдсон. Баяр наадмыг анх удаа теле контент хэлбэрээр хүргэх гэж буй ерөнхий найруулагч Б.Баатараас үзэгчид шинэлэг, үзүүштэй нээлтийг хүлээж байгаа нь тодорхой. Ямартай ч Үндэсний их баяр наадамд зориулсан төрийн хүндэтгэлийн концертын бичлэгийг өнөөдөр хийж байгаа аж. Уг концертыг баяр наадмын нээлтийн өдөр буюу долоодугаар сарын 11-ний үдэш олон нийтэд хүргэдэг уламжлалтай. 

Баяр наадам зохион байгуулах төсөв өмнөх жилүүдийнхээс давах ёсгүй гэсэн ч...

Цар тахлаас урьдчилан сэргийлж, цомхон хүрээнд тэмдэглэх гэж буй баяр наадмын төсөв ч мөн тийм байна гэж ойлгогдож байсан. УОК-ын хуралдааны үеэр ч Шадар сайд баяр наадам зохион байгуулах төсөв өмнөх жилүүдийнхээс давах ёсгүй гэдэг чиглэл өгч байсан юм.

Гэвч энэ жилийн наадмын төсвийг гурван тэрбум төгрөгт багтааж байгааг НЗДТГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Үндэсний их баяр наадмын ажлын албаны дарга Д.Чинзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Өмнөх жилийн Үндэсний их баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргана хэмээн мэдэгдэж байжээ. 

Баяр наадмыг хэрхэн дамжуулах вэ

Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс энэ удаад нээлтийн тасалбар, автомашины зөвшөөрөл, хэвлэлийнхэнд мандат олгохгүй байхаар шийдвэрлэсэн. 

Тиймээс “13-р зуун цогцолбор”-т зохион байгуулах баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харвааг Үндэсний олон нийтийн радио телевиз болон Монголын телевизүүдийн холбооны шууд дамжуулалтаар олон нийтэд хүргэх ажээ.

Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдийнх шиг телевиз бүрээс хөтлөгч, сэтгүүлч наадмын үйл ажиллагааг сурвалжлахгүйгээр МҮОНРТ, Монголын телевизүүдийн холбоо гэсэн хоёр сувгаар шууд дамжуулан үзнэ. 

Тодорхой тооны зөвшөөрөлтэй хүмүүс л наадмын талбайд очиж болно

Баяр наадмын талбайд үзэгчдийг нэвтрүүлэхгүй ч  төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдэд нээлттэй “ноёдын наадам” болно гэх хардлага олон нийтийн дунд бий. Тэгвэл “13-р зуун цогцолбор”-руу иргэд, өндөр албан тушаалтнуудын хэнийг ч нэвтрүүлэхгүй болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдэгдлээ. 

Тодруулбал, баяр наадмыг зохион байгуулагчид, бөхчүүд, сур, шагайн харваачид болон тодорхой тооны зөвшөөрөлтэй хүмүүс л наадмын талбайд очиж болох нь. 

Баяр наадмыг сурвалжлах мандат сэтгүүлчдэд олгохгүйг дээр хэлсэн. Гэхдээ ЗГ-ын ХМХХ-ээс шууд дамжуулалт хийх телевизийн найруулагч, техникийн ажилтнууд болон тодорхой тооны гэрэл зурагчид зэрэг цөөхөн хүнд мандат олгох ажээ. 

“13-р зуун цогцолбор”-ын эргэн тойронд 

Уламжлал ёсоор долоодугаар сарын 11-ний өглөө Төрийн ордоос хүндэт харуулын цэргүүд Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг. Харин энэ удаад уг ёслолыг контент хэлбэрээр үзэгчдэд хүргэх бололтой. Учир нь баяр наадмын нээлт болох газар хотоос хол учир Есөн хөлт цагаан тугийг тэнд залж буйг шууд дамжуулах боломжгүй. Тиймээс Ерөнхийлөгчийг нээлтийн үг хэлэхээс өмнө Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос залж буй бичлэгээр харуулах бололтой.  

Тус цогцолбор руу Төв аймгийн Эрдэнэ сумаас урагш салсан шороон замаар явж хүрнэ. Баяр наадам зохион байгуулах хорооныхон болон бөх, сур, шагайн харваачид наадмын талбайгаас хоёр км-ийн наана зассан зогсоолд автомашинаа байрлуулж түүнээс цааш машин явуулахгүй байхаар зохион байгуулж байгаа аж. 

Мөн шууд дамжуулалтад шаардлагатай шилэн кабелийг “13-р зуун цогцолбор”-ынхон өөрсдийн хөрөнгөөр татжээ.

Үүнээс гадна тус цогцолбор орчимд үүрэн телефоны аль ч оператор байдаггүй учир наадмын бэлтгэл ажил хариуцаж буй хүмүүс хоорондоо харилцахад бэрхшээлтэй байсан. Харин Мобиком корпорац Улсын онцгой комиссоос авсан зөвшөөрлийн дагуу өөрсдийн хөрөнгөөр тус цогцолбор орчимд сүлжээгээ оруулсан байна.