Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Ламаахай нарыг дараагийн ээлжинд авахаар судалж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб ойрын хугацаанд Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авах болсон талаар өнөөдөр мэдээлэв.

  • Тавдугаар сарын 13-нд Истанбул руу чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг 
  • Тавдугаар сарын 18-нд Дели рүү тусгай нислэг үйлдэн монгол иргэдээ татан авахаар боллоо.

Мөн ойрын хугацаанд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдэ хотоос 400 орчим иргэнийг Алтанбулаг боомтоор эх оронд нь авчрахаар болсон зэрэг шийдвэрийг танилцуулав. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Уг мэдээллийн дараагаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Японд байгаа иргэдийг татан авах нислэг хийх үү?

-Токио дахь ЭСЯ-наас тогтмол мэдээллийг өгч байгаа. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 1,000 гаруй болсон. 

Өнгөрсөн удаагийн тусгай үүргийн нислэгүүдийг зохион байгуулахдаа аль хот руу нислэг үйлдвэл аль болох олон газраас иргэдээ авах боломжтойг харгалзсан. 

Японд байгаа иргэдийг ойлгож байгаа, улсын Онцгой комисст ч уламжилж байна. Дараа, дараагийн нислэг үйлдэх төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байгаа. Казахстанд байгаа 1,097 иргэнийг асуудлыг ч хэрхэн шийдвэрлэхийг судалж байна. Улс орнууд хилийн хязгаарлалт хийсэн, хөл хорио тогтоосон  байгаа энэ цаг үед асуудлыг шийдвэрлэх нь амаргүй байна.

УОК-ын Шуурхай штаб дээр дараа дараагийн тусгай үүргийн нислэгийг хийхдээ тусгаарлах байрны нөөц бололцоонд тулгуурлаж байгаа юм. 

Мөн ОХУ-д байгаа 1,000 гаруй оюутнаа шат дараатайгаар татаж авахаар ярьж байна. Тавдугаар сарын 12-ноос эхлээд ОХУ-ын Боловсролын яамны харьяа их, дээд сургуулиуд сургалтаа цахимд шилжүүлж байгаатай холбоотойгоор манай оюутнууд нутаг буцах зайлшгүй шаардлагатай тулгарсан.

-Гадаадаас иргэдээ татан авахад коронавирусийн шинжилгээг заавал өгсөн байх шаардлагыг үргэлжлэх үү?

-Коронавирусийн шинжилгээтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас тавьсан шаардлагыг бүх нислэгт мөрдөж байна. Тухайн улсын нөхцөл байдлаас хамааран шинжилгээ өгөх боломжгүй байдал үүсдэг. Үүнд ЭСЯ-наас тухайн улсын эрх бүхий байгууллагад хүсэлт тавьж, тодорхой үр дүн гарч байна.

-Тусгай үүргийн нэг нислэг үйлдэхэд хэдэн төгрөгийн зардал гарч байна вэ?

-МИАТ эдгээр нислэгийг үйлдэхдээ нэг талдаа зорчигчгүйгээр явж байгаа.

Агаарын тээвэр нь өртөг өндөртэй салбар хэдий ч иргэдийг аль болох бага үнээр эх орондоо ирэх боломжийг олгохын төлөө ажиллаж байна. Тэд ашиг олохын төлөө биш нислэгийн зардлаа бүрэн нөхөх хэмжээний тооцооллоор тасалбараа борлуулж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн.

-Шинжилгээний хариу СӨРӨГ гарвал эх оронд нь авчирна гэж байгаа. Тэгвэл ЭЕРЭГ гарвал яах вэ?

-Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу ДЭМБ-ын гишүүн орнууд тухайн улсад шинжилгээ өгөөд эерэг гарсан хүний харьяаллын үл харгалзан үнэгүй оношилж, үнэгүй эмчилж байна. Манай улс ч энэ жишгээр гадаадын иргэнийг үнэгүй оношлон, эмчилсэн.  

-Филиппинд байгаа иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа. Тэд эх орондоо ирэхээр өөр улс руу зорчих шаардлагатай байгаа ч виз өгөхгүй байгаа гэсэн. Энэ тал дээр ЭСЯ нь хэрхэн ажиллаж байна вэ, дэмжлэг үзүүлэх боломжтой юу?

-Иргэдийн Филиппин улс руу очих зорилго нь аялал жуулчлал, сургалтад хамрагдах байдаг. Тус улсад манай улсын ЭСЯ байдаггүй тул Сингапурт байгаа Элчин сайд хариуцдаг. Филиппинд байгаа монгол иргэдийн 50 гаруй хувь нь Сэбү хотод бий.

Зүүн Өмнөд Азиас иргэдээ хэрхэн татах талаар судалгаа хийгдэж эхэлсэн. Малайз, Филиппин, Сингапур, Тайландад байгаа иргэдээ транзитаар авах уу, шууд нислэгээр авах уу гэдэг нь судалгааны шатанд байна.

-Энэтхэг руу хоёр удаагийн нислэг хийнэ гэж байсан. Энэ удаагийн нислэгээр ямар хүмүүсийг авчрах вэ?

-Энэтхэгт өвчний тархалт зарим газарт өндөр байгаа бол зарим газарт харьцангуй бага байна. Энэтхэг улс тавдугаар сарын 17-ныг хүртэл дотоодын муж хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг цааш үргэлжлүүлэх эсэх нь хараахан эцэслэгдээгүй. Дели хот руу тавдугаар сарын 18-н гэж нислэгийн товыг тогтоосон нь дээрх хязгаарлалттай холбоотой. 

Хоёр нислэгийг хийх боломжтой эсэхийг судалж байна. Дели хот нь олон улсын нислэг үйлдэгддэг тул зөвшөөрөл авахад харьцангуй хялбар байгаа. Нислэгийн зөвшөөрөл ойрын хугацаанд гарна. 

Харин ламаахай нар Дели хотоос 2,000 гаруй км-ийн зайд шавилан суудаг. Цар тахлын үед 2,000 гаруй км-ийн зайг туулан, өвчний тархалт ихтэй бүс нутгаар дамжин өнгөрүүлэх нь эрсдэлтэй.

Энэ бүх хүчин зүйлийг харгалзан хамгийн ойр байрлах аль хот руу нислэг үйлдэх боломжтойг судалж байна. Ойр байх хотуудад нь олон улсын нислэг үйлдэгддэггүй учир нислэгийн зөвшөөрөл авахтай холбоотой маш олон ажил хийгдэнэ. Үүний цаана МИАТ ТӨХК-ийн нислэг төлөвлөдөг алба хэлтэс нь ажилласаар байгаа. 

-Тавдугаар сарын 18-ны нислэгээр ирэх иргэдийн дунд шавилан суудаг хүүхдүүд хамрагдах уу?

-Дели хотод хүсэлт гаргасан 190 гаруй иргэн байна. Үүний дунд лам нар байгаа.

Гэхдээ өмнө хэлсэнчлэн лам нар Энэтхэгийн баруун урд хэсэгт байрлах Гоман дацанд суудаг. Тиймээс ламаахай нарыг дараагийн ээлжинд авахаар судалж байна.

https://www.facebook.com/588990477781350/videos/861608694342477/