Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэнэбат: М.Энхсайханы Үндсэн хуулиар болон Хүний эрхийн конвенцоор олгогдсон жам ёсны эрхийг хязгаарлалаа

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2020 оны 4 сарын 24
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өчигдөр цагдан хорилоо.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад гэм буруугийн хурлыг өчигдөр товлоод байсан юм.

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалан, улсын яллагчаар прокурор Г.Батбаяр, Б.Батсайхан нар оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Д.Оросоо, Г.Бат-Отгон, Ц.Эрдэнэбат нар ирснээс гадна нэр бүхий хохирогч, гэрч нар шүүх хуралд оролцсон юм.

Шүүх хурал эхлэхэд М.Энхсайханы өмгөөлөгч нарын зүгээс “Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой гэж үзсэн учраас н.Отгонцэцэг, н.Гансүх, н.Энхбаяр, н.Ганбаатар, н.Батсүх нарын гэрч, шинжээч нарыг заавал оролцуулах ёстой. Тэд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байна” гэсэн юм. Тэгвэл улсын яллагчийн зүгээс дээрх нэр бүхий хүмүүсээс шалгалтын явцад мэдүүлэг авсан тул шүүх хуралд оролцуулах шаардлагагүй гэв.

Түүнчлэн шүүх хурал хойшилсон тохиолдолд шүүгдэгчийг цагдан хорих саналтай байгаагаа дуулгасан. Улсын яллагч тус саналынхаа үндэслэл болгож тайлбарлахдаа “Шүүгдэгч М.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх баталгаа авсан боловч яллагдагчийн үүргээ биелүүлээгүй.

Өөрийн хөтөлдөг твиттер хаягаасаа хавтаст хэргийн материал, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг олон нийтийн сүлжээгээр тараасан үйлдэл гаргасан. Үүнийг шүүхэд нөлөөлж байна гэж үзэж байна” гэлээ.

Шүүгчид зөвлөлдөн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэрч, шинжээчдийг оролцуулах шүүх хурлыг хийх нь зүйтэй гэж үзэв.

Ингэснээр шүүх хурал ирэх сарын 5 хүртэл хойшилсон юм. Харин дараагийн шүүх хурал хүртэл шүүгдэгч М.Энхсайханыг цагдан хорих улсын яллагчийн саналыг хүлээн авч буйгаа мэдэгдсэн юм.

М.Энхсайханыг буруутгаж буй гол үндэслэл нь 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх албан тушаалд томилогдон, Таван толгойн нүүрсний уурхай, цахилгаан станц зэрэг мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт буруутгаж байгаа юм.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдээд буй.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИЙН 19.6 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн үйл ажиллагааг нь доголдуулсан, хүн амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАХ

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх заалттай.

М.Энхсайханыг цагдан хорих улсын яллагчийн үндэслэл өчигдөр олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн, хэргийн материалыг задалсан гэх үндэслэлийг М.Энхсайханы хамтран зүтгэгчдээс эхлээд хуульчид хүртэл эсэргүүцэж байв.

Олон нийтийн сүлжээнд “FreeEnkhsaikhan” буюу “Энхсайханыг чөлөөл” хэмээх акц хүртэл өрнөв. Үүнийг олон нийтийн танил хүмүүс, улстөрчид ч дэмжиж байв.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний press freedom index-2015 онтой харьцуулбал 19 байраар ухарчээ. Энхсайхан дээр гарсан “сошиалд идэвхтэй байдал” гэдэг хорих үндэслэл энд нэрмээс болно. Монгол сааралтаж улайсаар хөршүүдийнхээ өнгө рүү өдөр сараар ойртсоор байна” гэсэн бол УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Монголд @POTUS ирвэл хоригдож магадгүй юм байна даа. Манайхыг дуурайгаад Дээд шүүх нь түүнийг удахгүй хорих байлгүй” гэжээ.

Түүнчлэн түүний хүү Э.Батзул ч олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байв. Тэрбээр “Дуугүй байхаар янз бүрийн гүтгэлэг гаргаж харлуулна. Тэрэнд нь тайлбар гаргаж тавихаар цагдан хорьдог хүч тэнцвэргүй тулаанд аав минь байна” гэжээ.

Энэхүү цагдан хориотой холбоотойгоор Ерөнхий сайд асан М.Энхсайханы өмгеелөгч болон хамтран зүтгэгчид, хуульчид ийнхүү ярьж байна.

Өмгөөлөгч Ц. Эрдэнэбат: М. Энхсайхан гуай “Би Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсэн. Ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй” гэж байгаа

-М.Энхсайханыг цагдан хорьсон үндэслэлийг та бүхэн юу гэж үзэж байна вэ?

-Улсын яллагчийн зүгээс манай үйлчлүүлэгчийг цахим сүлжээнд хэрэгтэй холбоотой мэдээлэл тавьсан байна. Энэ мэдээллээрээ шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого хийсэн.

Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээллийг задруулаад байна. Тийм учраас шүүхэд нөлөөлүүлэхгүй байх зорилгоор шүүх хуралдаан болтол таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэж прокурор хүсэлт тавьсан. Бидний зүгээс бол энэ хэргийн материал нууц байхаа больсон.

Тэртээ, тэргүй 2014 оноос хойш олон талаас нь энэ асуудлыг ярьсан. Түүний дагуу л энэ асуудлаар хувийн байр сууриа илэрхийлсэн. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд хийсэн үйлдэл.

Тийм учраас мөрдөн байцаалтын ажиллагаанд саад тотгор учруулсан, үүгээрээ дамжуулж шүүхэд нөлөөлөх гэсэн ямар нэгэн оролдлого тогтоогдохгүй байна гэсэн. Шүүх прокурорын зөв байна гэж шийдсэн.

-Хуульчийн зүгээс та үүнийг юу гэж үзэж байна?

-Би хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэх боломжгүй. Дээр хэлсэнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16-д зааснаар хүн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байгаа үйл явцыг шүүхэд нөлөөлж байна гэж үзэж байгаа нь субьектив хандлагатай байна.

Өөрөөр хэлбэл, энэ хүнийг Үндсэн хуулиар болон Хүний эрхийн конвенцоор олгогдсон жам ёсны эрхийг хязгаарлаж байгаа нь шүүх буруу шийдлээ гэж үзэж байгаа.

-Шүүх хурал гэрчүүд ирээгүй шалтгаанаар хойшилсон байсан уу?

-Шүүх хуралдаан хойшлох үндэслэл бол манай зүгээс тодорхой тооны гэрч, шинжээчдийг оролцуулъя гэдэг хүсэлт тавьсан. Тэд нараас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээс шүүх хуралдаанд ирээгүйтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулсан.

Гэрч нарыг заавал оролцуулах нь зөв байна, гаргасан хүсэлтийг хангаж байна гэж шүүх үзсэн. Гэхдээ прокурор бол шүүх хуралдаан хойшилбол энэ хүнийг заавал цагдан хорино гэдэг сөргүүлсэн байр суурь илэрхийлсэн.

Энэ үндэслэлээ дээр хэлснээр шүүгдэгч нь өөрийнхөө цахим хаяг дээр мэдээлэл тавьсан гээд түүнийг хуулж авчраад нотлох баримт болгож үзүүлж байсан.

-Ер нь манайд ийм үндэслэлээр цагдан хорьж байсан тохиолдол байдаг уу?

-АТГ-ын шалгаж байгаа хэрэг бүрт шалгагдаж байгаа хүн нь мэдээлэл өгөөд гарахад сайтууд дээр “Энэ хүн тэгж шалгагдаж, тийм мэдүүлэг өглөө” гэж мэдээлэгддэг. Ялангуяа улс төрд нөлөө бүхий хүмүүсийн шалгагдаж байгаа хэрэг бол өөрөөс нь хамааралгүйгээр аль дээр ил болчихсон. Бид шүүх хурал дээр ч үүнийг хэлсэн. Прокурорын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааны нууцлалыг хангах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа.

-Цагдан хорионы талаар М.Энхсайхан гуай өөрөө ямар байр суурьтай байна вэ?

-Би Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсэн. Ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гээд үйлчлүүлэгч маань шүүхийн өмнө хүндэтгэлтэй хандаж байгаа.

ХОТЫН ДАРГА АСАН Э.БАТ-ҮҮЛ: ШҮҮХ ЯМАР ДУР ЗОРГООРОО ЗАГНАДАГ БОЛСНЫГ ХАРУУЛЛАА

-М.Энхсайханыг цагдан хорьсон үндэслэлийг та эсэргүүцэж олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байсан...

-М.Энхсайханыг баривчилж байгаа явдал бол хуулийн байгууллага, тэр дотроо шүүх ямар дур зоргоороо загнадаг болсныг харууллаа. Үнэхээр дур зоргоороо. Хууль ч хамаагүй боллоо. М.Энхсайханы хувьд цагдан хоригдох ямар ч үндэслэл байгаагүй.

Нэгэнт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хэрэг шүүхэд очсон бол хуулиараа нээлттэй байх ёстой. Хэрэг нэгэнт шүүх дээр очсон болохоор тэр хүн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Үүнийгээ шүүх дээр босоод ч хэлж болно, хаана ч хэлж болно шүү дээ.

Түүний л адил онлайнаар байр сууриа илэрхийлсэн хэрэг. Насанд хүрээгүй хүүхэд эсвэл хувь хүний нууцтай асуудал биш бол бусад бүх хэрэг нээлттэй. Харамсалтай нь эрээ цээргүй явдал боллоо.

-Олон нийтийн дунд тэр хүний амыг барих гэсэн оролдлого гэж хардаж байна?

-Мэдээж. Анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд явж байхад амыг нь бариад байсан. Одоо шүүх дээр материал нэгэнт ирчихсэн. Шүүх өөрөө нээлттэй байх ёстой. Хэрэг хийгээгүйгээ нотлоод онлайнаар юм ярилаа. Аль хэдийнээ түүнд тэгэх эрх нь үүсчихсэн.

Гэтэл амыг нь барих гээд цагдан хорьчихлоо. Одоо бүр улайм цайм дур зоргоороо загнаж байна. Энэ бол зориуд нийгмийг шалгаж байгаа тест. Нийгэм үүнд цочирдохгүй байвал цаашдаа барьж хориод шүүхээр яллаж хорих гээд байна. Түүнийгээ тестэлж үзэж байна уу л гэж хардаж байна.

-Таван толгойн гэрээ байгуулагдаагүй атал ийм хэрэгт тул гасан нь буруу гэх хуульчид байна. Та үүн дээр ямар саналтай байна вэ?

-Анх л би энэ хэргийн талаар байр сууриа илэрхийлж байсан. Хүнийг хийгээгүй хэргийнх нь төлөө гэмт хэрэгтэн болгодог. Нийгмийн тархийг баахан угааж гэмт хэрэгтэн мэт ойлгуулсан. Харин одоо л шүүх дээр хэрэг ирэхээр шүүгдэж байгаа хүнд үгээ хэлэх боломж ирж байна. Үүнээс өмнө ярьдаггүй байлаа шүү дээ. Мөрдөн байцаалтын шатанд нийгэм даяараа гэм буруутай гээд тархийг нь угаачихсан. Тэгэхээр хүн чинь боломж олдонгуут гэм буруугүй гэдгээ нийгэмд хэлэх ёстой биз дээ. Тэгэхгүй бол нийгмийн санаа бодолд тааруулаад шүүхийн шийдвэр гарчихвал яах вэ. Хуулийн наад захын шаардлагыг хангахгүй, бүр хүчирхийлж эхэлж байна.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Х.ТЭМҮҮЖИН: ТЕРОР ҮЙЛДЭХ хэмжээний ХОРЛОН СҮЙТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ЯЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА ХҮМҮҮС ШҮҮХИЙГ ЗАНАЛХИЙЛСЭН ГЭЖ ГҮТГЭХ нь ЭНҮҮХЭНД

-Хүнийг цахим сүлжээнд байр суурь илэрхийлсний төлөө шүүхэд нөлөөлөхийг оролдлоо гэж үзэн цагдан хорьсон тохиолдол гарлаа. Энэ нь хууль зүйн талаасаа хэр зөв үндэслэл вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт шүүгч, прокурор, мөрдөгч гэх зэрэг нэр бүхий этгээдүүдийг дарамталсан, сүрдүүлсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар хуульчилсан. М.Энхсайхан гэдэг хүн бусдыг дарамталж, сүрдүүлээд байх зан байдалтай хүн гэж би бодохгүй байна.

Энэ бол догширчихсон гэмт хэрэгтэн, даварчихсан эрх мэдэлтнүүдээс л гарах ааш аяг. Цахим сүлжээнд хувь хүн өөрийгөө илэрхийлэх төдийд нөлөөнд автдаг, айж сүрддэг шүүх байгаа бол ургалч үзэл, үг хэлэх эрх чөлөө, өөрийгөө өмгөөлөх эрхтэй иргэний ардчилсан нийгэмд огт зохицохгүй шүүх, шүүгч байна гэсэн үг.

Үндсэн хуульд Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Энэ эрх нь ганц шүүхийн танхимд бус шүүхээс гадна олон нийтийн эргэлзээ, буруутгалд хариу хэлж, хэлэлцүүлэг өдөөх замаар ч хэрэгжинэ. Өөрийгөө өмгөөлөх, үг хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхээ эдэлсний төлөө баривчлагдаж, хоригдоно, шүүх хуулийн байгууллагын заналхийлэлд өртөнө гэдэг бол Үндсэн хуулийн бус шүүх, хуулийн нэр барьсан засаглал амилж, Монгол Улсын Үндсэн хуулийг хорьж цагдаж байна гэсэн үг.

Ер нь терор үйлдэх хэмжээний хорлон сүйтгэх гэмт хэрэгт яллаж чадаж байгаа хүмүүс шүүхийг заналхийлсэн гэж гүйтгэх нь энүүхэнд биз дээ.

-Шүүхийн хараат бус байдал, гэрч хохирогчийг хамгаалах зэрэг олон зүйлийг хариуцаж байсан алба Тахар. Хэрэв Тахарын алба өнөөдөр байсан бол ингэж цагдан хорих шаардлагатай юу?

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, гэрч, хохирогч, шүүх хуралдаанд оролцогчдыг хамгаалах үүрэгтэй Тахарыг татан буулгачихсан болохоор шүүх нь их эмзэг болсон бололтой. Иргэн цахим орчинд үг хэлэхэд л шүүх айдас хүйдэст автаж хуульгүйгээр хүн хориход бэлэн болж.

Уг нь шүүхийн айдас хүйдэс өөрийгөө өмгөөлж, дуугарч буй иргэнээс бус өөрсдийг нь огцруулахад бэлэн ҮАБЗ, энэ нэрний дор нуугдах гурван улс төрчөөс л үүдэлтэй байх. Тахарын алба дарга хамгаалдаг биш хохирсон иргэний, шударга ёсыг өмгөөлж буй гэрчийг хамгаалдаг алба байсан.

Тахарыг устгаад шүүхийг хууль, шударга ёсыг хамгаалдаг бус дарга хамгаалдаг, эрх дархтны гар хөлд зарагддаг байгууллага болгож хувиргачихав уу даа. Энэ УИХ-ын хийсэн хамгийн том нүгэл нь бараг энэ байх. Өөрсдөө удахгүй энэ нүглийн хонгилоороо гоожино доо.

ХУУЛЬЧ МӨНХ-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛСНИЙ ТӨЛӨӨ ЦАГДАН ХОРИОД БАЙВАЛ ЭНЭ УЛСАД ХОРИГДОХГҮЙ ХҮН ҮЛДЭХГҮЙ

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд яллагдагчийг цагдан хорих үндэслэлийг заасан. Үүнд нэгдүгээрт оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, хоёрдугаарт шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, гуравдугаарт гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, дөрөвдүгээрт урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж заасан байгаа. Уг хэсэгт шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэдэг үндэслэл байхгүй байгааг Та харж байна.

Ер нь хуулийн байгууллагуудын дуудсан цагт очиж, хэргээ шалгуулж байгаа хүнийг цагдан хорих зайлшгүй шаардлага байхгүй шүү дээ. Нөгөө талаас, хүн үзэл бодлоо илэрхийлэх, өөрөө өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Энэ бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон манай Үндсэн хуулиар бүх хүнд олгосон эрх юм.

Энэ эрхийнхээ дагуу олон нийтийн сүлжээнд өөрийнхөө байр суурийг илэрхийлсний төлөө хүнийг цагдан хориод байх юм бол энэ улсад цагдан хоригдохгүй хүн үлдэхгүй байлгүй дээ.

Ер нь нэг зүйл маш тодорхой байна. Тэр нь шүүх, хуулийн байгууллагыг улс төрөөс хараат бус, бие даан ажиллуулах чиглэлээр хийх зүйл маш их байна.

Улстөрчдийн, бизнесийн бүлэглэлүүдийн даалгаврыг биелүүлдэг авлигач, ашиг сонирхолтой шүүгчдийг шүүхээс цэвэрлэх цаг нь болжээ. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад мэргэжлийн ёс зүйтэй, эр зоригтой, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгчид хамгийн чухал үүрэгтэй. Хууль бус шаардлага, дарамт, шахалтын өөдөөс үгүй гэж хэлж чадах шүүгчид сүүлийн үед ховордоод байна уу даа гэж харж байна.

Зураг