Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан гэх яллах дүгнэлттэй М.Энхсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд асан М.Энхсайханы холбогдсон хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлжээ.  

Тэрбээр энэ талаар өчигдөр “Прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв” хэмээн жиргэсэн байна. 

Уг хэргийн талаар эргэн сануулахад, М.Энхсайханыг Швед улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байх үед нь буюу 2018 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын саналын дагуу түүнийг эгүүлэн татаж байв. Эгүүлэн татах болсон шалтгааныг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал "Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан сонгууль болон түүний дараагаар улстөржсөн мэдэгдэл гаргасан нь эгүүлэн татах үндэслэл болсон" хэмээн тайлбарлаж байсан билээ. 

Үүний дараа буюу 2019 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг баримтын хамт Улсын ерөнхий прокурорт өгсөн.

Төрийн тэргүүн энэ тухайгаа “Би иргэн хүнийхээ хувиар Тавантолгойн ордын талаар мэдээлэл өгч байна. Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон” хэмээж байсан юм.

Тавантолгойн ордтой холбоотой уг асуудал яригдаж байх үед М.Энхсайхан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт мега төсөл хариуцсан Монгол Улсын сайдын албан тушаал хашиж байв. 

Улмаар 2019 оны зургаадугаар сарын 20-нд М.Энхсайханыг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулсан асуудалд албан тушаалаа урвуулсан ашигласан гэх хэрэгт сэжигтнээр тооцон, хоёр хоног баривчилж байсан юм. Улмаар энэ хэрэгт М.Энхсайханыг яллагдагчаар татжээ. 

НПГ-ын яллах дүгнэлтэд “УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдарлыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн” гэсэн байна.