Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Кадыров үсээ хусуулсны дараа Чечений төрийн албан хаагчид дагаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров саяхан үсээ хусуулснаа сошиал хуудсандаа мэдээлжээ.

Тус бүс нутагт коронавирусийн цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа юм. Саяхан Чечений иргэд үсчний газруудыг нээх хүсэлт олноор ирүүлэх болсон тухай цар тахалтай тэмцэх албаныхан мэдээлсэн байна.

Харин Кадыров энэ хүсэлтийн хариуд үсчний газруудыг нээхийн оронд үсээ хусуулсан нь дээр гэсэн хариу өгч, өөрийн биеэр үлгэрлэжээ.

“Үсчний газрууд хаалттай байгаа тул үсээ хусуулахыг би бүх хүмүүст зөвлөж байна. Бидний өвөг дээдэс ч ингэдэг байсан. Зөнч Мухаммед бас Мягмар гарагаас Лхагва гарагт шилжих шөнө үсээ хусуулж байсныг санах хэрэгтэй” гэж тэр Инстаграм хуудсандаа мэдэгджээ.

Удалгүй Чечений сошиал ертөнцөд Кадыровыг дуурайн үсээ хусуулсан төрийн албан хаагчдын зурагнууд хөвөрч эхэлсэн байна.

Чеченьд хаан гэж өргөмжлөгддөг Кадыров өөрийгөө тахин шүтэгчдийн хүрээлэл үүсгэх дуртай.

Олон жилийн өмнөөс албан хаагчид удирдагчтайгаа ижил хэв маягаар хувцаслаж, сахлыг нь хүртэл дуурайх болжээ.

Одоо 43 настай Кадыров 2007 оноос хойш Умард Кавказын энэ улсыг хатуу гараар удирдаж байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүний хууль бус үйлдэл, хүний эрхийн зөрчлүүдийг хараагүй мэт царайлж, хаацайлдаг гэж байнга шүүмжлүүлдэг.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty