Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улсын иргэд амны хаалт заавал зүүх ёстой боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Герман холбоонд багтдаг бүх муж өөрийн иргэдэд амны хаалт заавал зүүлгэх журмыг хэрэгжүүлэхээр санал нэгджээ.

Бремэн муж хамгийн сүүлд уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвшөөрч, сенат нь Баасан гарагт шийдвэр гаргахаар болсон байна.

Ингэснээр Герман даяар иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо болон дэлгүүрт үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх болж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Германы канцлерь Ангела Меркель хорио цээрийн дэглэмийг сулруулах төлөвлөгөөгөө танилцуулахдаа амны хаалтыг заавал зүүх журамтай болохыг бүх мужуудад уриалсан байна.

Герман улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 145,694 тохиолдол бүртгэгдэж, 4,879 хүн нас бараад байгаа.

Германы эрүүл мэндийн хүрээлэн өчигдөр Covid-19 өвчний эсрэг вакцины туршилтыг хүн дээр явуулах зөвшөөрөл өгсөн байна.

18-аас 55 насны сайн дурын 200 орчим хүн АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын бүтээсэн вакцины туршилтад орох ажээ.

Амны хаалт зүүх журам Германы бүх 16 мужид янз бүрийн нөхцөлтэй хэрэгжих юм.

Бүх мужид нийтийн тээвэрт заавал зүүх журам адил хэрэгжих бол ганцхан Берлинд дэлгүүрт амны хаалт заавал зүүх албагүй байгаар зохицуулжээ.

Умард бүсийн Мекленбург-Баруун Померани мужид нийтийн тээвэрт амны хаалтгүй зорчсон хүнийг 25 еврогоор торгох шийдвэр гарсан байна.

Бусад мужууд торгуулийн хэмжээгээ хараахан тогтоогоогүй байгаа гэнэ. Амны хаалт заавал зүүх журам ирэх Даваа гарагаас Герман даяар хэрэгжиж эхэлнэ.

 

Эх сурвалж: BBC