Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Иран улс анхны цэргийн зориулалттай хиймэл дагуул хөөргөснөө зарлав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ираны Хувьсгалт Гвардын удирдлага өнөөдөр анхны цэрэг дайны зориулалттай хиймэл дагуулаа амжилттай хөөргөснийг зарлажээ.

Перс хэлээр “Гэрэл” гэсэн нэртэй хиймэл дагуул дэлхийн гадаргаас 425 км өндөр дэх тойрог замд амжилттай хүрсэн гэнэ.

АНУ-Ираны харилцаа эрс муудсан цаг үед энэхүү хиймэл дагуулыг хөөргөж байна. АНУ болон Европын орнууд шинэ хиймэл дагуул нь Иран улсын тив алгасах баллистик пуужингийн хөтөлбөрийн нэг хэсэг байх магадлалтай гэж болгоомжилж байна.

Иран улс сүүлийн нэг жилийн хугацаанд хэд хэдэн удаа хиймэл дагуул хөөргөх гэж оролдоод бүтэлгүйтсэн юм.

Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард Зафар-1 нэртэй харилцаа холбооны хиймэл дагуул нь тойрог замд хүрч чадалгүй сүйрсэн байна.

Үүнээс өмнө хоёр ч хиймэл дагуул хөөргөх ажиллагаа нь бүтэлгүйтсэн бол өнгөрсөн оны наймдугаар сард пуужин хөөргөх газрын станц нь дэлбэрч байв.

Энэ бүтэлгүйтэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхааралд өртөж, тэрээр тагнуулынхны авсан ослын газрын нууц гэрэл зургийг твиттер хуудсандаа нийтэлж байжээ. Энэ үйлдэл нь дэлбэрэлтийг АНУ зохион байгуулсан байж магадгүй гэсэн сэжгийг үүсгэсэн ч Трамп няцааж байв.

Вашингтоны засаг захиргаа Тегераны шинэ хиймэл дагуул хөөргөсөн явдлыг НҮБ-ын хоригийг зөрчсөн хэрэг гэж үзээд хариу арга хэмжээ авах магадлал өндөр байна.

Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Иран улс хэд хэдэн хиймэл дагуул хөөргөж байсан нь тойрог замд удаан ажиллаагүй юм.

2013 онд тус улс сармагчин сансарт нисгэн туршиж байсан удаатай.

Иран улсын дэлхийн их гүрнүүдтэй 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж байгаагаа Трампын засаг захиргаа 2018 оны тавдугаар сард зарлаж байв. Үүний дараа Вашингтоны зүгээс Тегераны эсрэг хэд хэдэн эдийн засгийн хориг арга хэмжээг авсан юм.

Энэ оны эхээр Ираны Хувьсгалт Гвардын командлагч, генерал Солейманигийн амийг хөнөөх ажиллагааг АНУ зохион байгуулсан нь хоёр улсын харилцааг улам муутгасан байна.

 

Эх сурвалж: Associated Press