Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны биеийн байдал ямар байгааг Дональд Трамп мэдэхгүй гэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед анхаарал татаад байгаа Умард Солонгосын удирдагчийн эрүүл мэндтэй холбоотой асуултад хариулжээ.

Өчигдөр CNN суваг саяхан хагалгаанд орсон Ким Жон Уны бие сайнгүй байгааг анх мэдээлсэн юм.

“Ийм мэдээ гарсан байна. Гэхдээ бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл алга. Хэрвээ үнэн бол би түүнд зөвхөн эрүүл энхийг хүсмээр байна” гэж Трамп хэлжээ.

Дараа нь тэр CNN-ий мэдээнд тэр болгон итгэдэггүйгээ бас хэлсэн байна. Дональд Трамп өөрийг нь шүүмжилдэг CNN агентлагийг хуурамч мэдээ түгээгч гэж нэрлэж байсан удаатай.

Залгамжлагч нь хэн байх тухай Ким Жон Унаас асууж байсан эсэхийг сэтгүүлч асуухад Трамп “Би энэ талаар түүнээс асууж байгаагүй. Асуухыг ч хүсэхгүй. Юу ч болсон байсан би түүнд эрүүл энхийг хүсэж байна” гэж хариулжээ.

Тэр бас Ким Жон Унтай маш сайн харилцаатай байдгаа энэ үеэр илэрхийлсэн байна.

Харин Умард Солонгосын удирдагчтай холбогдож, биеийн байдлыг нь асуух төлөвлөгөө байгаа эсэхийг асуухад Трамп "Магадгүй" гэж хариулжээ.

Ким Жон Ун сүүлийн 10 гаруй хоног олны өмнө ил гараагүй бөгөөд өвөг эцгийнхээ мэндэлсэн ойн баярт ч оролцоогүй юм. Умард Солонгостой хамгийн ойр харилцаатай байдаг Хятад, Өмнөд Солонгосын эрх баригчид ч Кимийн эрүүл мэндийн талаар баттай мэдээлэлгүй байгаагаа мэдэгдээд байна.

Дональд Трамп, Ким Жон Ун нар 2018 онд нэг, 2019 онд хоёр удаа нийт гурван удаа нүүр тулж уулсан ч Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах тохиролцоонд хүрч чадаагүй юм.

 

Эх сурвалж: Yonhap News