Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Сонгууль явуулахад COVID-19-өөс сэргийлэх хүрээнд мөрдөх ёстой заавар, зөвлөмжийг боловсруулж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 1,228 иргэн байгаа бөгөөд нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш манай улс нийт 5,155 хүнийг тусгаарлажээ.

Тэрбээр хэлэхдээ “Тусгаарлан ажиглалтад байгаа хүмүүс дотор тав хүртэлх насны 45 хүүхэд, жирэмсэн 35 эмэгтэй, даралт ихсэх өвчтэй 64 хүн, зүрх судасны эмгэгтэй ес, чихрийн шижинтэй 25, хорт хавдартай 17 иргэн байна.

Дээрх иргэдэд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Хорт хавдартай 17 иргэний хоёр нь Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.

Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 1,069 иргэн байна. Өчигдрийн байдлаар 947 иргэн гэрийн тусгаарлалтаас гарсан. Мөн 383 иргэн тусгаарлалтаас хөдөө орон нутаг руу шилжиж, хөдөө орон нутгийн тусгаарлалтаас 270 иргэн ирж, гэрийн тусгаарлалтад орсон байна.

Бид нийт тандалтын судалгаагаар лабораторийн 6,800 гаруй шинжилгээ хийж, онош батлагдсан иргэдэд ДЭМБ-аас өгч буй зөвлөмж, зааварт үндэслэн эмчилгээ хийж байна.

Түүнээс гадна бид анагаах ухааны зөвлөх эмч нартай хамтарч уушгины хатгалгаа өвчнөөр удаан хугацаанд эмчлэгдэж буй өвчтөнүүдэд уламжлалт анагаах ухааны эмийг хэрэглэж байгаа нь үр дүнгээ өгч байна" гэв.

Мөн тэрбээр "Дүүргүүд болоод аймгуудын эрчимт эмчилгээний 50 гаруй тасгийг цахимаар холбосон. Дараагийн шатанд нээх эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг үзүүлэх сургуулилалтуудыг хийж, дадлагажуулах ажлыг зохион байгуулахаар болсон.

Түүнчлэн бид сонгууль явуулах үед COVID-19 халдвараас сэргийлэхэд мөрдөх ёстой заавар зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр боловсруулж байна. Ингэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх болоод бусад орны сургамж, туршлагыг үндэслэн ажиллаж байгаа.

Тусгаарлах байруудад өнөөдрийн байдлаар 201 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан иргэдтэйгээ хамт тусгаарлагдан ажиллаж буй. Хэний оронд хэн ажиллах ёстой талаар бүх эмнэлгийн ажилтны нэрсийг тушаал, журмаар гаргасан.

Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр 1,819 дадлагажигч эмч болоод төгсөх курсийн 1,090 оюутныг овог нэрээр нь бүх хуваарилалтыг хийсэн. Мөн Сувилахуйн сургуулийн 950 гаруй оюутан сайн дураараа эрүүл мэндийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлж буйг хэлэх хэрэгтэй" гэдгийг нэмж хэлэв.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/161108328587498/?v=161108328587498

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.