Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн эмч нар 4.5 сая төгрөгийн, сувилагч нар үндсэн цалингаа хоёр дахин нугалж авч байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Сүүлийн үед голомтод ажиллаж байгаа ажилчдын нэмэгдэл цалин олгогдохгүй байна гэх яриа гарах болсон.

Үүнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа дахин тайлбар өглөө.

-ХӨСҮТ-ийн ажилчдад нэмэлт цалинг нь олгож байгаа юу?

- Манай эмч, ажилчид илүү цагийн мөнгө дээр гомдол гаргаагүй. Энэ асуудал яагаад яригдах болсныг би сайн ойлгохгүй байна. Бид дүрэм журмын дагуу л цалингаа өгч байгаа.

Тодруулбал, өмнө нь 1.6 сая төгрөгийн цалин авдаг байсан эмч дайчлагдан ажиллахдаа илүү цагийн хөлс, үндсэн цалинтайгаа нийлээд 4.5 сая төгрөгийн цалин авч байна.

Сувилагч нар хоёр дахин илүү цалин авч байгаа. Үүнийг санхүү хариуцсан алба нарийн тооцоолж буй.

Өмнө нь буюу 2009 онд H1N1 халдвар гарахад манай ажилчдын илүү цагийн мөнгө тогтсон цагтаа ингэж орж байгаагүй.

Харин энэ удаа цаг тухайд нь мөнгө нь орж ирээд, ямар ч өөр шалтгаан, өгүүлэлгүйгээр цалинг өгөөд явж байгаа учраас дутуу авсан хүн байгаа тухай надад сонсогдоогүй.

Зарим хүн бусад хүмүүсийн өмнөөс хоосон яриа гаргадаг. Би мэдээж хүмүүсээ дуудаж, цалин хөлс нь орсон эсэхийг асууж байгаа шүү дээ.

Тэр байтугай Голомтоос 100 сая төгрөг өгөхөд бүгдэд нь хувааж өгсөн. Бид хандивын мөнгийг зөвхөн тусгай тасагт ажиллаж байгаа хүмүүст өгнө гэхгүйгээр ХӨСҮТ-ийн 800 ажилтанд тэнцүү хуваан өгч, бүгд л хуваах зарчмаар явж байгаа.

Сүүлд Франц иргэний компаниас 100 сая төгрөг өгөхөд ч бүгдэд нь тэгш хуваасан. Бидний энэ бүгдэд нь хувааж өгч байгаа байдал шударга гэж бодож байна. Иймэрхүү зүйлд нарийн танилцуулга ч хийж болно.

Ийм үед иймэрхүү гомдол гаргах нь аюултай. Тиймээс хүний өмнөөс тийм зүйл ярьж, биднийг сэвтүүлэхээ болих хэрэгтэй. 

Үнэхээр манайхан дотроосоо тэгсэн бол ирээд надтай уулзчихна. Тэд надад биш гэхэд өөрийнхөө хариуцсан хүндээ энэ талаар дуулгачих чадалтай хүмүүс. Энэ хоосон яриаг хэрвээ дэвэргэвэл зохион байгуулалт алдагдана.

-Зарим хүмүүсийн цалин харилцан адилгүй байгаа бөгөөд эмч нарт илүү цалин өгч байна гэсэн яриа гарч байна?

- Мэдээж зэрэглэл, олон жил ажилласан эсэхээсээ хамаарна шүү дээ. Эмч нар ажилласан жил, зэргээс нь шалтгаалж нэмэгдэл цалин авдаг.

Харин үйлчлэгч, сувилагч нарт зэргийн нэмэгдэл орж ирэхгүй ч халдвартын тусгай нөхцлийн нэмэгдэл ордог.

Тухайн хүний улсын тарифаар тавигдсан цалин нь дүрэм, журмын дагуу цааш бодогдоод явахаар л ажилчдын цалингийн зөрүү гараад байгаа хэрэг. Үүнийг нарийн санхүүгийн хүмүүс ярих ёстой.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/163837231556333/