Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: ХӨСҮТ-д ажиллаж буй эмч нарт нэмэгдэл цалинг хангалттай өгч байгаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.

Ингэхдээ өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41 сая төгрөг олгох болно хэмээн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлж байв.

Гэвч голомтод ажиллаж буй эмч нарт бодит байдал дээр нэмэгдэл цалин олгохгүй байгаа гэх мэдээлэл манай редакцад ирсэн юм.

Энэ тухай бид өчигдөр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр тодруулахад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Бидний авсан мэдээллээр одоогоор ХӨСҮТ-ийн ажилчдын хувьд ямар нэг нэмэгдэл хөлс аваагүй тохиолдол байхгүй.

Нэмэгдэл цалин хөлс олгогдоод явж байгаа. Мөн ХӨСҮТ-д хүмүүс хандив өргөж байгааг ажилчиддаа зориулж буй" гэсэн тайлбар өгсөн.

Энэ асуудлыг илүү тодорхой болгох үүднээс өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгээс дахин тодруулсан юм.

Тэрбээр хэлэхдээ "ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нарт нэмэгдэл цалинг хангалттай өгч байгаа.

Манай эмч нараас өөрсдөөс нь асуусан ч болно. Засгийн газрын үүрэг чиглэл байгаа учраас нэмэгдэл өгөөгүй тохиолдол байхгүй. Дунд нь хоосон үймүүлж байж болох ч нэмэгдэл цалин бүгдэд нь ороод сэтгэл өндөр байгаа" гэв.