Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээж, төлбөрийн чадваргүй хүнд эм, хэрэгсэл үнэгүй тараахыг хуульчлах хэрэгтэй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумын хамтран зохион байгуулсан “COVID-19 ба Хүний эрх” сэдэвт уулзалт өчигдөр болсон билээ. 

Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан зочноор оролцож, цар тахлын үед хүний эрхийг хязгаарлахад олон улсын хууль тогтоомжид үндэслэн хууль тогтоомжийн шинэчлэлээ ямар зарчмаар хийвэл зохих талаар саналаа илэрхийлсэн юм. 

Тэрбээр "Үндсэн хуулиар гэнэтийн аюул, нийгмийн эмх замбараагүй байдал, дайнтай үед онцгой нөхцөл байдал үүсдэг. Бидний хувьд гэнэтийн аюул нь цар тахалтай холбоотойгоор үүссэн ба Монгол Улсын Үндсэн хуулиар төр хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд төр зайлшгүй, нэн тэргүүний чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд ордог билээ. Иймд үед төр хэрхэн ажиллах ёстой талаар дараах хоёр номлол бий.  

Нэгдүгээрт. Зайлшгүй байдлын номлол. Хуулийн ерөнхий зохицуулалтын хүрээнд Засгийн газар хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэх ёстой. Манай улсын хувьд нэгдүгээр сараас хойш энэхүү номлолоор ажиллаж буй бөгөөд харьцангуй амжилттай явж байна гэж дүгнэж болно.

Уг номлолоор авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тухайд,  

  1. Боловсролын үйл ажиллагааг түр зогсоосон нь сурч боловсрох эрхийг хязгаарласан
  2. Нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хориглосон.
  3. Шашны номлол, хурал цуглаан хийж олон нийтийг хамруулахыг  хориглосон нь шашин шүтэх эрх чөлөөнд тавьсан хязгаарлалт
  4. Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хязгаарлалт тавьсан /Харилцаа холбооны зохицуулах хороо бүх вэб сайтын сэтгэгдлийг хаасан. Худал хуурамч мэдээлэл цацвал хариуцлага хүлээх, хуурамч цахим хуудсыг хаах шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор өгсөн/
  5. Тэмдэглэлт өдрүүдэд хязгаарлалт тавьсан
  6. Үзвэр үйлчилгээг хязгаарласан
  7. Гадаадад зорчих эрхийг хязгаарласан
  8. Дотооддоо хоёр удаа тодорхой хугацаанд зорчих эрхийг хязгаарласан
  9. Хүмүүсийг тусгаарласан явдал нь хүмүүсийн эрх чөлөөнд хязгаарлалт тавьсан
  10. Тусгаарлалтад байх хүмүүсийг мөрдөн мөшгөх арга хэмжээ авч эхэлж байгаа ба гэртээ тусгаарлагдаж буй хүмүүсийг ажиглуулах арга хэмжээнүүдийг авсан.

Эдгээр арга хэмжээнүүд нь үндсэн хуульд багтсан эрхүүдийг хязгаарлаж буй хэрэг боловч зайлшгүй байдлын номлолоор эдгээр хязгаарлалтыг хийсний хүчинд харьцангуй амжилттай явж байна гэхэд болно. Цар тахлын үед хүний эрхийг хязгаарласан олон арга хэмжээ авдаг ба энэхүү тусгай дэглэмийг Засгийн газар хэрэгжүүлдэг.

Хоёрдугаарт. Манайх нэгэнт эрх зүйт төртэй улс учраас хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгодоо хүрэхийн тулд хүний эрхийг хязгаарлах байдал үүснэ. Үүнийгээ хуулийн зохицуулалтын хүрээнд оруулах номлол.

Өөрөөр хэлбэл, төр зайлшгүй хийх ёстой зүйлсээ хэрэгжүүлэхийн хажуугаар хүний эрхийн хязгаарлалтад зохисгүй байх, урвуулан ашиглахгүй байх, өөр зорилгоор ашиглагдахгүй байх эрсдлүүдийг хаах номлол юм. Цар тахал гарсан эхний саруудад бид байгаа хуулийн хүрээндээ л арга хэмжээ авахаас өөр аргагүй байсан. Харин одоо Монгол Улсын хувьд энэхүү хоёр номлолоор ажиллах шаардлага руу орж байна. Үндсэндээ манай улс эрх зүйт төртэй учраас хуулийнхаа зохицуулалтуудыг дагаж шинэчлэх шаардлага үүсэж байна. Мөн УИХ-ын чуулган эхэлчихсэн байгаа тул  хууль тогтоомжоо шинэчлэх шаардлагатай.

Хууль тогтоомжийг шинэчлэхдээ дээр дурьдсан хязгаарлалтуудыг хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд ийм шалтгаанаар гаргаж ирсэн гэх үндэслэлээ хуулиар тодорхой зааж өгөх хэрэгтэй. Тухайлбал, баярын үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох гэх мэт арга хэмжээг цар тахлын үед яагаад хийх ёстой вэ гэх эрх зүйн орчныг нь тодорхой болгох. 

УИХ-ын даргын өмнө долоо хоногт мэдэгдсэн ”Корона цар тахлын үеийн түр хууль”-ийн төсөл боловсруулагдаж байгаа. Энэ хууль нь цар тахал тархахаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажлаа хийх боломжийг Засгийн газарт олгож буй хэрэг. Нөгөө талаар энэ хууль олон улсын холбогдох хууль болон үндсэн хуулийн шаардлагад тулгуурлан хүний эрхийг хязгаарлахдаа тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой.

Манай үндсэн хуулиар хүний эрхийг хязгаарлахад тавигддаг дараах шаардлагууд байдаг. Үүнд,

  1. Хуульд заасан үндэслэл журмаар
  2. Эрхийг нь хязгаарлах гэж байгаа бол зүй ёсны зорилго байх ёстой. /Хүн амын эрүүл мэндийг хамгаалах/
  3. Зорилгод хүрэхэд зайлшгүй байх ёстой / Жишээ нь, Харилцаа холбооны зохицуулах хороо бүх вэб сайтын сэтгэгдлийг хаана гэдэг нь уг зарчмыг зөрчиж байна. Худал мэдээлэл байвал тэр сэтгэгдлийг нь арилгах арга хэмжээ авах ёстой байтал хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрхийг нь хязгаарлаж, сэтгэгдлийг хаана гэдэг нь тохирсон, зайлшгүй арга хэмжээ биш/
  4. Эрүү шүүлтээс ангид, хүнлэг бус хэрцгий доромжлолоос ангид байх хуулийн эрх. /Нэр төрийг нь хэзээ ч доромжилж болохгүй ба цар тахал туссан байж магадгүй хүмүүсийг доромжилж болохгүй/
  5. Ялгаварлан гадуурхахгүй
  6. Авах арга хэмжээгээ ил тод  мэдэгдэх /Одоогоор ил тод байгаа нь сайн зүйл / гэх мэт.

Дээрээс нь УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд хэд хэдэн зүйл шууд заалт болж орох ёстой.

  1. Цар тахалд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй бүлэг хүмүүст /өндөр настан, хууч өвчтэй хүмүүс, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай, нэн ядуу хүмүүс/ төрөөс авч буй арга хэмжээ сөрөг нөлөөтэй байхыг зогсоох, бууруулах үүргийг Засгийн газарт өгөх
  2. Цар тахлын үед ажиллаж буй эмч болон бусад төрийн албан хаагчдын аюулгүй байдал, маск, хувцас хэрэглэлээр хангах үүргийг төр хүлээхийг хуульчлах
  3. Бүх иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эм хэрэгслийг тэгш хүртээмжтэйгээр хүртээх. Төлбөрийн чадваргүй хүнд үнэ төлбөргүй тараах үүргийг хуульчлах
  4. Цар тахалтай холбоотой бодит мэдээллийг шуурхай өгөх, мэдээлэл авах эрхийг нь хангах
  5. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Засгийн газарт өгөх. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ, түр хамгаалах байрын санхүүжилтийг бүрэн шийдэх
  6. Орон гэргүй, нэн ядуу иргэдийг орон байр, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах хамгаалалт бүрдүүлэхийг хуулиар зааж өгөх
  7. Баривчлах байр, цагдан хорих байр, хорих анги бусад хэлбэрээр хязгаарлагдсан хүмүүст тусгайлан анхаарч эмнэлгийн үйл ажиллагаагаар хангахыг хуульчлах
  8. Зайны сургалтыг чанартай, тэгш хамруулж хүртээхэд багш, сурагч, эцэг эхчүүдэд хяналт тавихыг хуульчлах

Бусад улсын жишгээс харахад хүний эрхийг хязгаарласан арга хэмжээг зайлшгүй тохиолдолд авахаас биш хэтрүүлж, урвуулан ашиглаж болохгүй гэж ойлгож байна. Манай улсын УИХ, Засгийн газар хийх ёстой зүйлээ хийж байгаа ч иргэдийн хэлж байгаа санаа бодлыг тусгаад илүү сайн ажиллах шаардлага байна” хэмээн хэлэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/OpenSocietyForum/videos/2603123433277345/