Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Гар халдваргүйжүүлэх нэр бүхий гелийг лабораторид шинжлүүлэхээр өгсөн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын хоёр компани гар ариутгагчийг техникийн спиртээр хийсэн зөрчил илэрсэн талаар МХЕГ-аас өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хэлэхдээ “УОК-ын 7 дугаар тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу COVID-19 халдварын үед гар халдваргүйжүүлэх бэлдмэлийн хүрэлцээ хангамж,  үйлдвэрлэлийн нөөцийг тогтоох зорилгоор МХЕГ-аас удирдамжийн хүрээнд үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийсэн.

Өчигдөр хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрлэгчид болох Нахиа, Монос зэрэг эмийн үйлдвэрүүд биднийг буруу ташаа мэдээлэл өгсөн, бид хүнсний гуравдугаар зэргийн этилийн спиртээр хийсэн гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Гэвч Монгол Улсад 2010 онд батлагдсан гар халдваргүйжүүлэх бэлдмэлийн стандартын дагуу энэ бүтээгдэхүүнүүд хийгдэх ёстой. Уг стандартад зааснаар гар халдваргүйжүүлэгч нь 96 хувийн хатуулагтай, тансаг зэрэглэлийн хүнсний этилийн спирт байх ёстой байдаг.

Монгол Улсад үйлдвэрлэдэг хүнсний спиртийг гурав ангилдаг. Харин тухайн компанийн хийсэн мэдэгдлийн хувьд ч гуравдугаар зэргийн спиртээр үйлдвэрлэсэн гэсэн нь стандартад нийцээгүй байна.

Тухайн компаниуд техникийн этилийн спиртээр гар халдваргүйжүүлэх бэлдмэлийг үйлдвэрлэж байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүн нь техникийн спиртээр хийсэн нь нотлогдсон.

Үргэлжлүүлэн тэрбээр “Техникийн спирт нь халдваргүйжүүлэх нөлөөллийг үзүүлнэ. Бусад улс, оронд энэ төрлийн спиртийг гар ариутгагч хийхэд хэрэглэдэг ч Монгол Улсын хувьд хүнсний тансаг ангиллын 96 хувийн хүнсний спиртээр үйлдвэрлэнэ гэж заасныг тухайн хоёр компани мөрдөөгүй.

Гэхдээ энэ спиртийг хүнсэнд хэрэглэдэг, хүнд хоргүй гэж ойлгож болохгүй бөгөөд ууж хэрэглэхэд хортой.

Мэргэжлийн хяналтын газраас 310 мл савлагаатай 1,296 ширхэг, 50 мл савлагаатай 3,360 ширхэг “Санитас” нэртэй халдваргүйжүүлэгч бүтээгдэхүүнийг лацдаж битүүмжилсэн. Мөн тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, лабораторид шинжлүүлэхээр өгсөн.

Бид гар халдваргүйжүүлэх бэлдмэлийн хомсдол, үнийн хөөрөгдлийг үүсгэхгүй байх үүднээс тухайн хоёр байгууллагад уян хатан хандаж байгаа” хэмээн онцлов.

"Лабораторийн шинжилгээний дүнг үндэслэж, бүтээгдэхүүнийг яахыг шийднэ"

МХЕГ-ын улсын ахлах байцаагч С.Хонгорзул “Хяналт, шалгалтын явцад тухайн хоёр компанид Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон. Бид лабораторийн шинжилгээний дүнг үндэслэж, тухайн бүтээгдэхүүнийг яахыг шийднэ.

Мөн манай улсад гар халдваргүйжүүлэгч гелийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан гурван аж ахуйн нэгж нь Тавин-Ус, Монхимо, Вест мед. Шалгалтын явцад тэд Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу үйлдвэрлэж байсан” гэв.