Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Африк тивд нэг сая хүнд эрчимт эмчилгээний таван ор ноогдож байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Европ тив болон АНУ-д шинэ коронавирусийн тархалт эрчтэй хэвээр байна.

Энэ нөхцөл байдалтай уялдуулан тухайн орнуудад мөрдөгдөж буй дэглэмийн талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Их Британид 881, Испанид 683 нас баралт шинээр бүртгэгдлээ. Испанид хөл хорионы хугацааг дөрөвдүгээр сарын 26-н  хүртэл сунгасан талаар мэдээлэв.

Мөн өчигдөр БНХАУ-д шинэ тохиолдол 42, нэг нас баралт шинээр бүртгэгдсэн. Мөн шинж тэмдэггүй 47 тохиолдлыг илрүүлснээр нийт шинж тэмдэггүй 1,047 тохиолдол эмнэлгийн хяналтад оржээ. 

АНУ-ын 14 муж улсад хичээлийн жилийг дуустал танхимын сургалтыг эхлүүлэхгүй байх шийдвэр гарсан

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Итали улс гуравдугаар сарын 9-нд тогтоосон хөл хорионы дэглэмээ тавдугаар сар дуустал үргэлжлүүлэх талаар эх сурвалжууд мэдэгдсэн. 

Куба улс Бямба гарагаас эхлэн нийтийн тээвэр, такси болон бусад тээврийн бүх үйлчилгээг зогсоох шийдвэр гаргалаа. Харин төрийн албан хаагч, зайлшгүй шаардлагатай алба хаагчдыг тусгай автобусаар ажилд нь хүргэнэ. Мөн тус улсад амны хаалт зүүх, зайнаас харьцах дэглэмийг чанд сахиулах арга хэмжээ мөрдөгдсөөр байна.

АНУ-ын 14 муж улсад хичээлийн жилийг дуустал танхимын сургалтыг эхлүүлэхгүй байх шийдвэр гарсан. Цаашид халдварын нөхцөлийг харгалзан үзэж, бусад муж улс хэрхэх шийдвэрээ гаргах юм. 

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв /CDC/-ийн захирлын хэлснээр шинэ коронавирусийн халдварт өвчлөлийн эсрэг вакцин гаргаж авах хүртэл хүн амыг халдвараас хамгаалах хамгийн найдвартай бөгөөд хүчирхэг хамгаалалт бол хүмүүс хоорондоо зайнаас харьцах явдал гэдгийг онцолсон.

Энэ вирусийн нэг сул тал  2 метр орчмын зайг туулж, хүнд халдварлуулах чадамжгүй тул зан үйлээ өөрчилж, зайнаас харилцах дадлыг урт удаан хугацаанд үргэлжлүүлэх шаардлагатай байгаа гэж иргэддээ мэдээлсэн" гэв.

Африк тивд 2,000 орчим хүрэхгүй амьсгалын аппарат байна

ДЭМБ-ын Африкийн бүсийн захирлын мэдээлснээр тус тивд халдвар хожуу эхэлсэн ч сүүлийн өдрүүдэд халдварын хурд өндөр байна. Африк тивийн 43 улсын хэмжээнд халдварын үед хэрэглэх эрчимт эмчилгээний орны тоо нийтдээ 5,000 хүрэхгүй байгаа юм. Энэ нь нэг сая хүнд эрчимт эмчилгээний таван ор ноогдож байна гэсэн үг. Харин Европын орнуудад энэ тоо 4,000-5,000 байна. 

Түүнчлэн 2,000 орчим хүрэхгүй амьсгалын аппарат байгаа аж.

Халдвар эрчимтэй тархаж байгаа тул Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс хязгаарлалтын арга хэмжээгээ дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлүүлэхээр болоод байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мөн мэдээлэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.