Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Австрали улсад хоёроос дээш хүн шалтгаангүй цугларвал 11,000 австрали доллароор торгож байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

Шууд үзэх: /2020.04.10/

https://www.facebook.com/iKonNews/videos/222865175606348/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 212 улсад өвчлөл бүртгэгдсэн хэвээр байна.

Өвчлөл АНУ, Итали, Их Британи, Франц, Иран, Турк улсад эрчтэй тархалт үргэлжилж, энэ тархалт дөрөв, тавдугаар сард үргэлжлэхээр байгааг мэдээллээ.

Ази тивд Япон, Солонгост тархалт идэвхтэй хэвээр байна. Ялангуяа Япон улсад халдвар их байгааг эмнэлгээс шалтгаалсан буюу өвчтэй хүнээ үзүүлэхээр эмнэлэгт очсон хүмүүс халдвар авч, өвчлөл тарааж байгаа хэмээн үзжээ.

Манай орны хувьд ч иргэд эмнэлэгт ирэх нь нэмэгдэж байгаа. Нэг хүнийг үзүүлэхээр олуулаа эмнэлэгт очих, эргэлтээр мөн хүмүүс ирэх тохиодол түгээмэл. Өчигдөр бид УГТЭ дээр ажиглалт хийж үзэхэд шинжилгээ өгөхөөр ирж байгаа нэг хүнийг дагаж 8-12 хүн ирдэг юм байна.

ДЭМБ-аас хүний бөөгнөрөл үүсэх нь халдвар тархах шалтгаан болж байгааг мэдээлсээр байна. Тиймээс улс орнууд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шийдвэрүүд гаргаж байгаа. Тухайлбал, Израйл улсад нэг машинд 2-оос дээш хүн хамт зорчихыг хориглож, үйлчилгээний газруудад хоёр метрийн зайтай үйлчлүүлэх хатуу дэглэм тогтоосон бөгөөд энэ дэглэм 90 хоног үргэлжлэх юм байна.

Мөн Австрали улсад хоёроос дээш хүн шалтгаангүй цугларвал 11,000 австрали доллароор торгож байгаа.

Хатуу хөл хорионы дэглэм дэлхийн улс орнуудад мөрдөгдөж, түүнийг 60-90 хоногоор сунгасаар байна.

Турк улсад иргэдээ аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа. Нэг таатай мэдээ байгаа нь тус улсад байгаа гадны иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж эхэлжээ.

БНХАУ-ын эрдэмтдийн гаргасан нэг судалгаа анхаарал татаж байна. Судалгааны дүгнэлтэд халдварын тархалтад тухайн улс үндэстний ялгаа хамаарахгүйг онцолсон. Мөн хөл хорионы дэглэмээ хэр зэрэг баримталж байгаагаас халдварын тархалт хамаарч байгааг дурдсан байна.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 1,410 хүн байгаа бөгөөд өчигдөр 167 хүн тусгаарлалтаас гарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна" гэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.