Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдгэрсэн иргэдийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусахад хоёр удаа шинжилгээ авна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төсгөлд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Тусгаарлалтын хугацааг 21 хоног болгож сунгаад байгаа. Тусгаарлалтаас гарсан иргэд үргэлжлүүлэн гэртээ 14 хонох ёстой. Иргэд хяналтаа үргэлжлүүлж чадаж байгаа юу?

Д.Нямхүү: -Бид ДЭМБ-аас зөвлөж байгаа тусгаарлалтын хугацааг мөрдөж байна. Тусгаарлалтын хугацааг 14-өөс 21 хоног болгож сунгасан нь учиртай. Нууц үеийн хугацааг дэлхийн олон орны судлаачид судалж гаргасан. Бид системтэй хяналтаа үргэлжлүүлнэ. Хувь хүмүүс өөртөө үнэнчээр хяналтаа хийж, биедээ гарч буй өөрчлөлтийг ажиглаж байх хэрэгтэй.

Иргэд амны хаалт зүүх нь багасаж байна, хүүхдүүд гадаа их тоглож байна гэлээ. Хэрвээ бид анхаарлаа сулруулбал өнгөрсөн 3 сарын амжилтаа хоромхон зуурт алдах эрсдэлтэй. Хүн бүр өөрийгөө хянаж, өөртөө үнэнч байх цаг хугацаа ирээд байна.

Өндөр зэрэглэлийн хяналттай улсуудад халдвар тархсан байхад бид маш их анхаарал болгоомжтой байх шаардлага тулгарч байгаа юм. Бид одоогийн амжилтаа хадгалж чадвал монгол хүний үнэ хүнд өсөж, эргээд эдийн засагт ч үр өгөөжөө өгнө байх.

- Эдгэрээд үргэлжлүүлэн тусгаарлалтад байгаа дөрвөн хүнд дахин шинжилгээ хийх үү?

Д.Нарангэрэл: -Эдгэрээд сувилалд үргэлжлүүлэн тусгаарлагдаж байгаа иргэдийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусахад 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээ хийнэ. Ингээд лабораторийн шинжилгээ сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана. Хэрвээ шинжилгээгээр ямар нэгэн вирус илэрвэл үргэлжлүүлэн ажиглана.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.