Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын шалгалт буюу анги дэвших шалгалт авахгүй байхаар болжээ.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр "Сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосноор таван долоо хоногийн хоцрогдол үүсэж байгаа. Энэ хугацаанд үзэх ёстой байсан хичээлийн тал хувийг теле хичээлээр зааж байгаа бөгөөд үлдсэн хувийг хичээл орж эхлэхээр нөхөж орно. Дөрөв болон тавдугаар сард багтан бүх хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгана.
Үзэх ёстой хичээлүүдээ бүрэн судалж, теле хичээлээр авсан мэдлэгээ бататгахад онцгой анхааран, бүх хичээл дээр жигд мэдлэгтэй төгсөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймд анги төгсөх дүнг өмнөх улирлуудын дүнг нэгтгэн тооцоолох нь зөв гэж үзлээ" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Улсын шалгалтыг заавал үзэх 3-4 хичээлээр авдаг. Хэрэв энэ жил улсын шалгалт авбал сурагчид шалгалт өгөх хичээлдээ илүү анхаарч, бусад хичээлээ орхигдуулах магадлалтай тул тун удахгүй албан ёсны шийдвэрийг гаргаж, сургуулиудад хүргүүлнэ" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!