Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Хотын төвийн болон гэр хорооллын гудамжуудад явган эргүүлүүд гаргана"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр нийтээр Цагаан сарыг тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор өвчний эсрэг хяналт шалгалт, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, сэрэмжлүүлэх үүднээс явган эргүүлүүдийг хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад болон гэр хорооллын гудамжуудад гаргана. Ингэхдээ нийслэл, дүүргийн алба хаагчид болон чөлөөндөө гарсан ахмадуудыг дайчлан ажиллуулахаар нийслэлийн Онцгой байдлын газраас шийдвэр гаргасан гэдгийг онцоллоо. 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Иргэд амны хаалт зүүх, шүлс, нус цэрээ хаяхгүй байх тал дээр эргүүлүүд шаардлага тавих үүрэгтэй. Харин эрх бүхий байцаагч нар шаардлага тавин Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна. Өнгөрсөн долоо хоногт гудамжинд нус цэрээ, тамхиныхаа ишээ хаясан 200 орчим хүн зөрчлийн тухай хуулийн 5.1-т зааснаар 10,000 нэгжээр торгох заалтын дагуу торгуулсан" гэв. 

Эргүүлүүд хаана байрлах хуваарийг өнөөдөр эцэслэж гаргах ба эдгээр хүмүүс нь иргэдэд маск зүүх, нус цэрээ хаяж болохгүй эсэх болон татсан тамхиныхаа ишийг хаяхгүй байх зэргээр шаардлага тавьж ажиллах юм байна.