Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Гэр бүлийнхэн олноороо цугларч бууз, банш хийхгүй байх хэрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 15
iKon.MN
 

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирустэй холбоотой мэдээллийн ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. 

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Цагаан сартай холбоотой хэд хэдэн зүйлийг анхааруулж хэлсэн юм. 

Тэрбээр "Өчигдрийн байдлаар 2,277 шинэ тохиолдол нэмэгдсэн байна. Мөн Японд нэг тохиолдол нас барсан нь БНХАУ-аас гадна нас барсан хоёр дахь тохиолдол нь боллоо. Эдгэрсэн хүний тоо харьцангуй нэмэгдэж 1,194 болсон байна. Сэжигтэй тохиолдлын тоо буурч байгаа нь тархвар судлалын тоо хяналтанд орж, сэжигтэй буюу тусгаарлагдсан хүмүүсээс өвчлөлийн тоонд оруулж бүртгэж буйтай холбоотой.

Шинэ коронавирустэй холбоотойгоор ЭМЯ-наас шуурхай арга хэмжээ авч эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг ханган, эрчимтэй ажиллаж байгаа билээ. Сүүлийн үед БНХАУ-аас ирж буй мэдээллээр эрүүл мэндийн газрын ажилчид халдвар авч өвдөх тохиолдлууд гарч байгаа учраас эрүүл мэндийн байгууллагын ажилчдаа хамгаалах, шаардлагатай зүйлсээр хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

Мөн ард иргэдэд зориулсан зөвлөмжүүд хийгээд тарааж байгааг хэлье. Ерөнхийдөө өвчлөл буурахгүй, эрчимтэй байгаа тул ард иргэддээ хэдэн зүйлийг анхааруулж хэлмээр байна.

Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүн амын нягтрал үүсгэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийнхэн олноороо цугларч бууз, банш хийхгүй байх, олуулаа хүнсний зах руу явахгүй байхыг анхааруулж байна.

Хүн амын бөөгнөрөл нягтрал үүсгэхгүй байх нь энэ өвчнөөс сэргийлэх бас нэгэн арга. Бид хэдийгээр Цагаан сарыг тэмдэглэхгүй боловч гэр орноо цэвэрлэж, хог, тоос шороогүй байх нь зөв байх. Нэмж хэлэхэд хоёр метрийн зайнаас бие биетэйгээ харьцах нь зүйтэй гэсэн судлаачдын товхимлууд хэвлэгджээ. хэмээн ярилаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.