Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"H5N1 вирусийн халдвар нүүдлийн шувуудаар дамжиж ирэх эрсдэл байгаа"

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас БНХАУ-д шинэ коронавирусийн халдварын тархалтын талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Энэ үеэр мөн тус улсад гарсан шувууны ханиадны талаар Мал эмнэлгийн хүрээлэнгээс мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал Д.Батсайхан "Мал эмнэлгийн ерөнхий газраас өндөр хоруу чанартай шувууны томуу өвчин гарсан талаар мэдээллийг өгье. 2019 оны сүүлчээр Хятад улсад шувууны томуу өвчин гарсан талаар мэдээлэл явж эхэлсэн. Ингээд Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр онош батлагдсан.

БНХАУ-ын Ухань хотын залгаа мужид 7,850 гаруй тахиатай фермийн 4,500 орчим тахиа үхсэн бөгөөд шинжилгээгээр өндөр хоруу чанартай томуу болохыг тогтоосон. Одоогийн байдлаар тус бүс нутагт 17,000 орчим тахиаг устгалд оруулсан гэх мэдээлэл байна. Уг вирусийн вакцин, эмчилгээ байхгүй учраас устгалд оруулдаг.

Манай улс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тухайлбал, Мал эмнэлгийн ерөнхий газраас аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, тахиа, гахайн аж ахуй эрхлэгч иргэн ААН-үүдэд зөвлөмж өгсөн. Мөн өвчний голомттой газраас тахиа, гахайг амьдаар нь болон махыг нь импортлохыг хориглосон.

Улсын хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис хангалттай байгаа. Мөн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмж, лаборатори байгаа " гэлээ.

"Манай улсад шувууны томуу гарч байгаагүй"

Шувууны томуугийн энэ удаагийн дэгдэлтийн улмаас хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. 2003 оноос хойш 860 гаруй тохиолдол дэлхийн 17 улсад бүртгэгдэж, нас баралтын түвшин 60-68 гаруй хувьтай байсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах  "Хэрвээ хүний өвчлөл гарвал маш өндөр эрсдэлтэй. Манай улсад шувууны томуу гарч байгаагүй. Гэхдээ Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн зэрлэг шувуудын нүүдэл дамжин өнгөрдөг. Хавар болж байгаа учраас нүүдлийн шувуудаар H5N1 вирусээр үүсгэгдсэн шувууны томуугийн халдвар дамжиж ирэх эрсдэл байгаа"  гэдгийг  хэлэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.