Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-аас тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөг импортлохыг хориглох шийдвэр гарлаа"

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр хаалттай горимоор хуралдлаа. Хуралдаан дууссаны дараа хэлэлцсэн асуудлуудаа танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/326309038286630/

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал "Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Учир нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна. 

БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирлээ. 

Мөн БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн шийвэр гарсан. Тухайлбал, шувууны томуутай холбоотойгоор тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглосон бөгөөд хилийн боомтуудын асуудал гарч буй.

Одоогоор ихэнх боомт хаагдсан байгаа. Гаднаас ирэх хүсэлтэй иргэд нэмэгдэж байна.

Тиймээс боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй байна.

Зарим бараа бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлыг албан ёсоор салбар, салбарын төлөөлөлтэй гаргах гэж байна.

Мөн шинэ коронавирустэй холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцлээ.

Төлөвлөгөөнд орох саналаа бид нэгтгээд маргааш өглөө Улсын Онцгой комисс дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт шаардлагатай болох хөрөнгө мөнгөтэй нь танилцуулахаар өргөн барина.

Бас нэг хүндрэлтэй асуудал нь эмнэлэг бүр өөрсдийн өвчтөнүүдийг хүлээж авахаар байна. Гэтэл дэлхий нийтийн жишгээр бол тусгаарлах нэг эмнэлгийг бие даасан байдлаар гаргах нь зүйтэй.
 
Үгүй бол эмнэлэг бүр дээр хөрөнгө мөнгө болоод халдвар хамгааллын асуудал үүснэ. Тиймээс аль эмнэлгийг шинэ коронавирустэй холбоотойгоор тусгаарлах талаар шийдвэрийг Эрүүл мэндийн яам өнөөдөр гаргана.

Энэ шийвэр гарсны дараа өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг хүлээж авах нэг цэгтэй болно гэж ойлгож болно.

Мөн хүнсний хангамж болон үнийн асуудал яригдлаа. 

Үнийн тухайд өсөж байгаа эсэхэд хяналт тавьж,  тогтоох байгууллага төлөвлөгөөнд зайлшгүй тусгагдаж байна.

Мөн улсын нөөцөд байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг хэрхэн хуваарилах асуудлыг ч бид ярилаа.

Үдээс хойш Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд  байдаг байгууллагын төлөөллүүд тооцоо судалгаагаа гаргаад Сангийн яаманд танилцуулна.
Сангийн яам нэмэлт хөрөнгө мөнгийг өөрийн төсөвт багтаан нэгтгэж, тушаал шийдвэрээ гаргана. Сая бид урьдчилсан байдлаар хэлэлцэж тохироод маргааш өглөө Улсын Онцгой комиссын хурлаар оруулахаар боллоо. Улмаар Засгийн газар хуралдаж, батлах юм. 

Хорио цээрийн дэглэм улсын хэмжээнд явж буй. Гэхдээ бид хилээр орж ирж байгаа иргэдийг хилийн боомт дээр тусгаарлах шаардлага байна.

Одоо бид хилээр орж ирж байгаа хүмүүст үзлэг шинжилгээ хийгээд авчирч тусгаарлаж байна. Энэ асуудлыг цаашдаа тэнд нь тусгаарлах асуудлаа шийдээд дараа нь энд авчрах хэрэгтэй гэсэн нарийвчилсан асуудал яригдсан.

Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр Дарханд нэг иргэн тугаарласан байгаа бөгөөд коронавирус илэрсэн гэж батлагдаагүй.

Хилийн боомтууд дээр гарах ажлын хэсэгт хил хамгаалах, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Онцгой байдлын газар гэх мэт 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэнд зөв ажиллаж байгаа эсэхийг шалгахаас гадна ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр аюулгүй байдлыг газар дээр нь шийднэ" гэлээ. 

Мөн эмнэлгийн тухайд ямар нэг барилгыг шууд худалдаж авах боломжгүй тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг зэргийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас судалж, шийднэ гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.

Урд хөрш рүү гарах иргэдийн урсгал татарсан ч орж ирж байгаа манай иргэд олширч байгаа аж. Өнөөдрийн байдлаар өдөрт 300 орчим иргэн эх орондоо ирж байгааг тэрбээр хэлээд "Хамгийн зардал бага, боломжит хувилбар нь аливаа төрийн эмнэлгийг энэ өвчинд зориулж тусгаарлах нь зүйтэй" гэлээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өгсөн мэдээлэл:

БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу /H5N1/ гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.