Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ЗГХЭГ-аас холбогдох төрийн байгууллагуудтай хамтран үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, хүүхэд залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн шилдэг бүтээлийг шалгаруулах уралдаан зарлаж байна.

Mонгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү уралдааныг “Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио”, “Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз”, “Үндэсний шилдэг бүтээл” (радио,телевизээр нэвтрүүлсэн бүтээл тус бүрээр) гэсэн гурван төрлөөр зарласан бөгөөд арилжааны телевиз, радио болон студи, продакшн, уран бүтээлийн нэгдэл оролцох боломжтой юм.

Шилдэг 7 хоногийн хөтөлбөртэй телевизийг 100 сая төгрөгөөр, шилдэг бүтээл буюу нэвтрүүлгийг 50 сая төгрөгөөр, шилдэг хүүхдэд зориулсан бүтээлийг 50 сая төгрөгөөр тус тус шагнана. Харин радиогийн төрөлд тус бүр 20 сая ба 10 сая төгрөгөөр шагнах юм байна.

Тоон контентын хөгжлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд зохиогдох уг уралдаанд ирүүлэх бүтээлд монгол ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн, нийгэм түүх, соёл урлаг, шинжлэх ухаан танин мэдэхүйн үнэ цэнэ, ач холбогдолтой байх гэсэн үндсэн шаардлагууд тавигдаж байна.

Монголын үндэсний уламжлалт “Цагаан сарын баяр” тохиох үе буюу 2020 оны 2 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөр болон бүтээлийг хамруулах бөгөөд бүртгэлийг энэ сарын 20-ны өдөр хүртэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хүлээж авах юм. 

Цаашид энэхүү уралдааныг Монгол үндэсний уламжлалт баяр болох “Цагаан сар” болон “Үндэсний их баяр наадам”-ыг тохиолдуулан уламжлан зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.