Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Талийгаачийн ар гэрийнхэн намайг алуурчин болгож, яллах арга хэмжээг зохион байгуулалттайгаар явуулж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдаж байна. Үүний дараа УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдах юм. 

Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Би хууль зөрчөөгүй учраас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй.

Г.Батхүү агсантай холбоотой хэргийн талаарх мэдээллүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа. "Ноцтой мэдээ" сонинд 13 секундын бичлэг гэх асуудалтай холбоотой мэдээлэл нийтлэгдсэн. Үнэнд үл нийцэх уг мэдээллийн ард хэн байгааг шалгасан. Ингэхэд АПУ компанийн эздийн хамаарал бүхий этгээд Ж гэгч Номтойбаярыг гүтгэх гэрч хайж байгаа, иргэн Г цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнээр дамжуулан АПУ-гийн Батсайханд хэрэг болох хүнийг нэг тэрбумаар шагнана гэсэн байсан.

Түүнчлэн тус компанид ажилладаг иргэн Я иргэн Б-тэй холбогдон Н.Номтойбаярыг буруутгах ажилд бидэнтэй хамтарвал хилийн хоригийг цуцлах асуудалд туслана гэсэн байдаг. Дээрх мэдээлэлд дүгнэлт хийхэд талийгаачийн ар гэрийнхэн онц ноцтой гэмт хэрэгт намайг алуурчин болгож яллах арга хэмжээг зохион байгуулалттайгаар явуулж байна. Тиймээс дээр дурдагдсан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулна.

Би полиграфийн шинжилгээг хоёр удаа өгсөн. Гэтэл энэ дүгнэлтийг илт худал гуйвуулсан. Полиграфийн тестийн хүрээнд талийгаачийн унасан газраар явсан уу, цохьсон уу гэх зэрэг маш олон зүйл асуусан. Ингэхэд миний хариулт 80-90 хувь үнэн гэж гарсан. Ингэж гуйвуулж байгаагийн шалтгаан нь талийгаачийн дүү Дорнодод, хүүхэд нь Өвөрхангайд нэр дэвших гэж байгаатай холбоотой.

"Гавлын яс хоёр газраа цуурсан. Нэлээд хүнд гэмтсэн"

Өөрийнхөө нүдийг хөхөрсөн асуудлын талаар тайлбар хэлье. Гавлын яс хоёр газраа цуурсан. Нэлээд хүнд гэмтсэн. Гэхдээ энэ асуудал дээр өөрийгөө зөвтгөх гэсэн зүйл байхгүй. Холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн. Залуу хүний ирээдүйг ч бодсон, хөдөлмөрч ээжийг нь ч бодсон, мөн тагнуулын байгууллагад хамтран зүтгэж байсан нэр хүндтэй эрхмийг бодсон ч энэ асуудалд гомдол гаргахгүй.

Бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд эхлээд би өөрийгөө хууль зөрчөөгүйг нотлох хэрэгтэй. Нэгэнт хууль зөрчсөн  үйлдэл гаргаагүй хүн өөрөө санаачилгаараа бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж байхгүй. Энэ бүх асуудал нотлох баримтууд хэвлэлээр ил тод явмаар байгаа юм" гэлээ.