УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн анх удаа хэвлэлийнхэнд хандаж байна.
ШУУД ҮЗЭХ:
Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны гэр бүлээс анх удаа байр сууриа илэрхийлж, хуульч Батхуяг, талийгаачийн хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар мэдээлэл хийлээ.
2019 оны тавдугаар сарын 17-нд Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас барсан бөгөөд энэ асуудалд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад найман сар өнгөрсөн ч одоо болтол эцэслэн шийдэгдээгүй байна.
Гэвч гэр бүлийнхэн нь энэ хугацаанд албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй.
Гэтэл сүүлийн үед уг хэргийн талаар улстөржүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах байдал илт бий болсон тул ийнхүү мэдээлэл хийхээр шийдсэн хэмээн хуульч н.Батхуяг тайлбарлалаа.
Тэрбээр:
Энэ хэрэгт шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй байнгын шинжээчдийн дүгнэлт гарсан. Нэлээд олон хуудас дүгнэлт байгаагаас анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хэлье.
Мессежний зураг:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр бусад асуудал байсан. Ялангуяа, шүүх эмнэлэгтэй холбоотой.
Задлангийн өмнө рентгэн зураг авахуулах гэр бүлийнхний саналыг хүлээж аваагүй, яаралтай шинжилгээнд оруулсан. Онош дутуу, шинжилгээ дутуу хийсэн зүйлс тогтоогдсон. Дүгнэлттэй танилцахад л тийм байгаа.
Гар утасны хувьд цагдаагийн байгууллага гар утсан дээр шинжээч томилохдоо утасны гадаргуу дээр хурууны хээ, биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилгээнд өгч, тогтоох ёстой. Гэтэл түүнээс нь өмнө дотор нь юу байна вэ гэдгийг тогтоох шинжээч томилсон.
Иймэрхүү зөрчил, эргэлзээ бүхий байдлууд байна.
Талийгаачийн хүү Б.Ганхөлөг:
Өнгөрсөн найман сар бид маш тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд хүнд цаг хугацаа өнгөрч байна. Эмээ, өвөө, ээж маань байна. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань бэтгэрээд хүнд байна.
2019 оны тавдугаар сарын 17-н бидний хувьд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Цоо эрүүл, сав саруул аав маань өглөө ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн тусгай объект, төрийн тусгай хамгаалалттай ордонд албан үүргээ гүйцэтгэж байгаад эргэж гарч ирээгүй, амиа алдсан. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна.
Баруун нүд хөхөрч хавдсан. Зүүн талаараа унасан. Унаагүй талын баруун нүд нэлээн том хавдартай байсан. Хүзүүн дээр гарсан улайлт заамдалтын улмаас улайсан. Өндрөөс унасан хүн хүзүүндээ улайлт авна гэдэгт итгэхгүй байна.
Бид ямар нийгэмд амьдраад байна вэ. Амьд явах баталгаа байна уу? Цаашдаа яаж амьдрах вэ? Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан хүн Төрийн ордонд амиа алдаад найман сар өнгөрч байхад ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Жирийн ард иргэдэд ийм зүйл тохиолдвол яах вэ гэдэг нь ой тойнд буухгүй байна.
Төртэй улс, шүүх засаглалтай улс байна, энэ хэргийг яаралтай, үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэлтэй, итгэл алдрахгүй хүлээсээр байна.
Талийгаачийн охин Б.Цэлмэг:
Бид аавыгаа санаж байна. Бага дүү маань бэтгэрээд, сүүлийн үед хоолоо ч идэхээ больсон. Эмээ, өвөө минь аавын зурагны өмнө хэдэн цагаар залбирч байна.
Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно гэлээ.