Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батхүүгийн цаг бусаар амиа алдсан хэргийн эргэн тойронд

Э.Хүрэлбаатар, Өдрийн сонин
2019 оны 5 сарын 29
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон байдаг.

Тэрбээр Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсон байна. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон.

Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Г.Батхүү бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй” хэмээн таамаглал дэвшүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.

Г.БАТХҮҮГ УНАСАН БАЙСНЫГ ХАРСАН ГЭРЧ ЦАГДАА НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨЛГҮЙ ЦАГ АЛДСАН ШАЛТГААН ЮУ БАЙВ

Нийслэлийн цагдаагийн Шуурхай удирдлагын төвийн 102 дугаартай утаст Төрийн ордны нэгэн ажилтан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага өгсөн гэнэ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Төрийн ордноос ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж үзлэг явуулсан.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийг шалгах ажил НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд явагдаж байгаа” гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл анх цагдаа нарт дуудлага өгсөн хүн УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг унасан байсныг 19:09 цагт анх харсан гэх мэдээлэл байгаа юм. Дээрх мэдээллийг батлах мэт зүйлсийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр хэлсэн.

Тэрбээр “Талийгаач 18:30-18:36 цагт АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаатай “Би авто раллигийн хуралдаанд оролцсон Оросын талын төлөөлөгчтэй оройн хоолонд орно. Та Элчин байсан хүн, дээрээс нь хуучны түншүүд чинь ирсэн учраас оройн хоолонд цуг орох уу” гэж яриад, цаг болзсон байгаа юм. Мөн 18:35 цагт ордны гурван давхраар баруун тийшээ алхаж явсан нь дүрс бичлэгт үлджээ. Харин 19:09 минутад нэг давхарт унасан байдалтайгаар олдсон.

Гэхдээ 19:57 минутад цагдаагийн байгууллагад анхны дуудлага өгсөн байдаг юм. Яагаад ийм удаан хугацааны дараа дуудлага өгөх болов гэдэгт хүмүүс эргэлзэж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл хэргийг шалгаж байгаа цагдаа нар талийгаач Г.Батхүүг хоёр давхрын гонхноос унасан байгааг харсан гэрчүүд ямар учир шалтгаанаар цаг хугацаа алдаж цагдаад дуудлага өгөх болсон бэ. Тухайн өдрийн 19:09 цагаас 19:57 минут хүртэлх хугацаанд юу болж өнгөрсөн бэ гэдгийг шалгаж байгаа гэнэ.

Тухайн үед талийгаачийн ар гэрийнхнийг хэргийн газар оруулалгүй хамгаалалтад авсан. Гэхдээ талийгаачийн талаас нэг хүн орж хэргийн газрыг харсан гэнэ. Г.Батхүүгийн төрсөн дүүгийн нөхөр цагдаагийн хурандаа н.Батсайхан хэргийн газарт очиж үзсэн гэх мэдээлэл байгаа юм.УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан гэх мэдээлэл гарсан даруйд цахим орчин болон нэр бүхий мэдээллийн сайт, телевизүүдээр учир битүүлэг мэдээлэл гарсан байдаг.

Жишээ нь, Т.Батхүүгийн зүрх нь гэнэт хаагджээ”, “Биеийн байдал нь хүнд байсан гэнэ”, “Хорт хавдартай байжээ”, “Даралт нь ихсээд харвалт өгсөн бололтой” гэсэн утга бүхий мэдээлэл гараад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Г.Батхүү золгүй байдлаар Төрийн ордны хоёр давхрын гонхноос унаж амь насаа алдсан гэсэн мэдээлэл гараад эхэлсэн. Хэн хаанаас ямар эх сурвалжаас мэдээлэл авсан нь тодорхойгүй, хэрэгтэй холбоотой мэдээлэл хурдацтай тархсан.

Талийгаачийн бие нь хөрөөгүй байхад маш хурдацтайгаар Г.Батхүү өвчний улмаас амь насаа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ нь Г.Батхүү бусдын гарт амиа алдсан байж болзошгүй. Гэмт хэрэгтэн үйлдсэн хэргээ нуун дарагдуулахын тулд санаатайгаар дээрх худал мэдээллийг тараасан байж магадгүй гэх сэжиг таамаг олон нийтэд бий болсон. Үнэн хэрэгтээ Г.Батхүү өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан.

Бие нь эрүүл саруул байгаа талаар дүгнэлт гарсан гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгдээд байгаа. Тэгвэл Г.Батхүү өвчний улмаар амиа алдсан гэх мэдээллийг тараасан сайт, телевизийн редактор, сэтгүүлч, хувийн хаягаасаа бичсэн иргэдийг цагдаа нар шалгаж эхэлжээ. Нэр бүхий цөөнгүй хүнээс Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрынхан мэдүүлэг авсан байна.

Н.НОМТОЙБАЯР: ТАЛИЙГААЧ Г.БАТХҮҮТЭЙ СҮҮЛД УУЛЗСАН ХҮМҮҮСИЙНХ НЬ НЭГ БИ ЯАХ АРГАГҮЙ МӨН 
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намынхан Г.Батхүүг гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэх хэвлэлийн хурал зарласан. Мөн талийгаач хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан гэдгийг хэлсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн. Тэрбээр “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр ордонд хамтдаа алхаад явж байсан. Бид өмнөх парламентад цуг ажиллаж, мөн хамтдаа авто спорт сонирхдог. Хоёулаа ч авто спортын холбоотой юм.

Тэрбээр “Дүүгийн өрөө аль билээ” хэмээн надаас асууж, манай өрөөнд 10-15 минут саатсан. Хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн нь хэн бэ гээд эргэлзээд, хайгаад байх зүйл байхгүй. Цаг хугацааг нь тооцоод үзэхэд сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би яах аргагүй мөн. Талийгаачийг өрөөнөөс гарсны дараа би 19:18 цагт бүлгийн хуралд орсон. Бүлгийн хуралд ороод картаа хийхэд цаг нь автоматаар бүртгэгдэж байдаг учраас мэдэж байна.

Цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан. Хаана, хэзээ таарсан, юу ярьсан талаараа би мэдүүлсэн. БНХАУ руу айлчлалаар явсан гишүүдтэй өдрийн хоолонд хамт орсон. Ажил хэргийн асуудал ярьсан. Тэр үед Си Жиньпин даргын өгсөн бэлгийн архийг задалсан. Түүнээс халамцуу явсан зүйл байхгүй. Бид хоёрын хувьд манай холбооны авто спортын төрлийн таван жилийн ажлыг дүгнэх, тамирчдад цол зэрэг олгох тухай ярьсан.

Удахгүй болох тэмцээнээ угтаж 44 мянган авто ралли сонирхогчийнхоо өмнө хэвлэлийн хурал хийе гэх мэт ажил хэрэгч зүйлүүдийг ярьсан. Бид хоёр 2016 оны сонгуулиас хойш уулзаагүй. Жин нэлээн хассан байсан нь анзаарагдсан. Нүүрнийх нь судас нь бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан. Тухайн үед талийгаач ганцаараа явсан. Гарахдаа “Хүн хүлээж байгаа. Ах нь яараад байна” гэсэн. Их л яаруу явж байсан.

О.БААСАНХҮҮ: Г.БАТХҮҮ АГСНЫГ НАС БАРСАН БАЙХЫГ БИ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАРСАН. ТОЛГОЙ НЬ НЭЛЭНХҮЙДЭЭ ЦУС БОЛСОН БАЙСАН 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний өрөө 111 тоот буюу хэрэг болсон газрын наад өрөө. 18:00 цагт УИХ-ын чуулган тараад, хүмүүстэй уулзаад гарч байгаад хэрэг учралтай таарсан. Би өөрөө хуульч хүн учраас, 20 гаруй жил эрүүгийн хэрэг учралын хавтаст хэргийг үзэж, иймэрхүү хэргийг харж байсан учраас тухайн үед авах ёстой зохих арга хэмжээнүүд юу байх вэ гээд шийдвэрүүдийг гаргасан.

ТЕГ-ын зохих удирдлагуудад мэдэгдсэн. Хоёрдугаарт, уг хүн нь амь насаа алдсан эсэхийг тогтоох ёстой. Манай өрөө хоёр давхар, хоёр хаалгатай тул тухайн үед дуу чимээ сонсогдох боломжгүй. Талийгаачийг унасан гэж ойлгож байгаа. Унасных нь дараа харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цаг, минут хэлэх боломжгүй. Сэтгүүлчид тэнд мөн байсан юм билээ. Тухайн үедээ толгойдоо гэмтэл авсан уу, өөр байдлаар амиа алдсан уу гэдгийг мэдэхгүй. Толгой орчимд нь нэлэнхүйдээ цус болчихсон, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед Г.Батхүү агсныг гэж анзаараагүй, мэдэх боломж ч байгаагүй” гэсэн юм.

ТӨРИЙН ОРДОНД ТЭР ӨДӨР АРХИДАЛТ БОЛЖЭЭ

Талийгаач Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан өдөр тавдугаар сарын 17 буюу баасан гариг байсан. Тэр өдөр ордонд нэр бүхий УИХ-ын гишүүдийн дунд хавтгай архидалт болсон гэх мэдээлэл гараад байгаа. БНХАУ-ын тэргүүн Си Жиньпин манай улсын УИХ-ын нэр бүхий гишүүдэд гарын бэлэг өгсөн. Тэр дундаа хамгийн хүндтэй хүнд өргөн барьдаг 50 гаруй градусын спиртийн агууламжтай “Моту” хэмээх архийг гарын бэлэг болгон өгсөн. Урд хөршийн төрийн тэргүүний өгсөн архийг УИХ-ын гишүүд өдрийн хоолон дээрээ задалж ууцгаасан гэдэг нь тодорхой болоод байгаа. 

Төрийн ордонд болсон архидалтын талаар “Өдрийн сонин”-ы 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр гарсан “Ерөнхийлөгч үнэнийг шударгаар хэлжээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байдаг. Нийтлэлд УИХ-ын гишүүн Н нь өдрийн хоолноос эхлэн спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) хятад архи ууж эхэлснээ өөрөө хэвлэлийнхээ хурлын үеэр сэтгүүлчдийн өмнө хэлсэн.

  1. Төрийн ордонд ажилладаг УИХ-ын гишүүд, туслахуудын яриагаар УИХ-ын гишүүн Ч-гийн өрөөнд Э, С нарын гишүүн үдийн хоолны дараа хэсэг бүлгээрээ архи ууцгаасан бөгөөд гишүүн Н хамгийн их уусан гишүүний нэг байжээ.
  2. Түүний дараагаар хүчний байгууллагын өндөр албан тушаалтан, гишүүн Н-ын өрөөнд ороход тэрбээр архиар дайлж, өөрөө гурван удаа татжээ. Харин уг өндөр албан тушаалтан уугаагүй болохыг Н-ын туслах нь бусад туслахад ам алдсан яриа Төрийн ордноор нэг яригдаж байна.
  3. МАН-ын Хяналтын зөвлөлөөр арга хэмжээ авагдсан УИХ-ын хоёр гишүүний улстөрчийн хувь заяаг МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар шийдэхийн өмнө хэрхэх талаар С.Бямбацогт гишүүний өрөөнд МАН-ын хэсэг гишүүд ярилцаж суухдаа мөн л согтууруулах ундаа хэрэглэн, сэтгэлээ нээн ярилцахад гишүүн Н ч мөн манлайлан оролцсоныг хамт байсан УИХ-ын гишүүд, туслахууд нь ярьцгаасан байна.

 

Үргэлжлэл бий...

Зураг