Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Америк-Хятадын худалдааны нэгдүгээр шатны гэрээ байгуулагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ, Хятадын талууд өчигдөр 18 сар үргэлжилж буй худалдааны дайнаа түр завсарлах гэрээний эхний хэсгийг баталлаа.

“Нэгдүгээр шатны худалдааны гэрээ”-г батлах ёслол Цагаан ордны Зүүн танхимд болж, 200 орчим зочдын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын засгийн газрын шадар сайд Лю Хэ нар гарын үсэг зуржээ.

“Өнөөдөр бид Хятад улстай урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй түүхэн гэрээг байгуулж байна” гэж Трамп энэ үеэр онцолсон байна.

Тэрээр ойрын үед Бээжинд айлчилж, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд 2018 оны долдугаар сараас худалдааны маргаан зөрчил эхэлж, харилцан нэгнийхээ бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноож эхэлсэн юм. Вашингтоны засаг захиргаа Хятад улстай хийдэг гадаад худалдаагаа хэт тэнцвэргүй, шударга бус байна гэж шүүмжилж байв.

2019 оны тавдугаар сард талууд тохиролцоонд хүрэхэд ойрхон байсан ч Хятадын тал амлалтаасаа буцаж эхэлсэн шалтгаанаар Вашингтон гэрээ байгуулахаас татгалзаж байв.

Тэр цагаас хойш олон удаагийн уулзалт хэлэлцээ болсны үр дүнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур “нэгдүгээр шатны гэрээ” байгуулах тохиролцоонд хүрсэн юм.

86 хуудас бүхий гэрээнд заасны дагуу Хятад улс ойрын хоёр жилийн хугацаанд АНУ-аас хамгийн багадаа $200 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар болжээ.

Үүнд аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнүүдээс гадна төрөл бүрийн үйлчилгээ багтаж байна. Үүнээс гадна Бээжин АНУ-ын олон төрлийн бараа бүтээгдэхүүнд тавьсан импортын өндөр татвараа хэсэгчлэн цуцлахаар болсон тухай Трамп мэдэгджээ.

Нөгөө талаас Вашингтон $162 тэрбумын дүнтэй Хятадын бараа бүтээгдэхүүнд өнгөрсөн сараас эхлэн оноохоор бэлдэж байсан татвараа цуцалж, $110 тэрбумын бараанд оноосон байгаа 15 хувийн татвараа тал хувиар бууруулахаар болсон байна.

Үүнээс гадна Хятадын тал АНУ-ын компаниудын оюуны өмчийг хамгаалах, технологийг нь хүчээр шилжүүлж авдаг бодлогоо зөөлрүүлэх, санхүүгийн зах зээлээ нээлттэй болгох зэрэг амлалтуудыг авсан байна.

Мөн хоорондын худалдааны маргааныг богино хугацаанд шийдвэрлэх, аль нэг тал нь амлалтаа биелүүлээгүй тохиолдолд шийтгэх механизмыг бий болгохоор гэрээнд заажээ.

“Хоёрдугаар шатны худалдааны гэрээ” байгуулагдвал талуудын бие биедээ оноосон импортын бүх татварууд цуцлагдана гэж Дональд Трамп мэдэгдсэн байна. АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин хоёрдугаар шатны гэрээ цааш олон дэд үе шатуудад хуваагдах магадлалтайг ёслолын үеэр мэдээлжээ. “Хоёрдугаар шатны гэрээ 2A, 2B, 2C зэргээр хуваагдаж магадгүй” гэж тэрээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post