Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Иракийн парламент АНУ-ын цэргийг нутгаасаа гаргахыг дэмжиж, Иран цөмийн гэрээгээ зөрчиж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Иракийн парламент АНУ-ын цэргийг нутгаасаа гаргахыг дэмжиж, Иран цөмийн гэрээгээ зөрчиж эхэллээ
Sara, ikon.mn - text to speech

Ням гарагт Ирак улсын парламент өөрийн газар нутгаас АНУ болон бусад гадаад улсын цэргийг гаргах тогтоолыг хэлэлцэж, дэмжлээ.

Өнгөрсөн Баасан гарагт Ираны генералын амийг хөнөөсний дараа Вашингтон-Тегераны зөрчил эрчимжсэн тул Иракийн эрх баригчид өөрийн газар нутгийг дайны талбар болохоос сэргийлж, ийм арга хэмжээ авсан байна.

Одоо Иракийн засгийн газар эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Гэхдээ Иракийн ерөнхий сайд Адел Абдул Махдихад өмнө нь гадаадын цэргийг нутагтаа байрлуулахгүй байхыг парламентад хандан уриалж байсан тул шийдвэр гарах нь бараг тодорхой болоод байна.

Одоогоор Иракт АНУ-ын 5,000 орчим цэрэг байрлаж байгаа нь голдуу Иракийн армид зөвлөх үүрэгтэй ажиллаж байгаа. 

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео CBC сувагт ярилцлага өгөхдөө Иракийн парламентад болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ.

Тэрээр Иракийн засгийн газар хүсэлт гаргавал цэргээ гаргах эсэх талаар ярилгүй өнгөрсөн байна.

Хэдийгээр АНУ, Иран улсууд хоорондоо олон жил дайсагнаж байсан ч 2014-2017 оны хооронд нийтийн дайсан Исламын Улс бүлэглэлтэй Иракийн нутагт тус тусдаа дайтаж байсан юм.

Өчигдөр бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ генерал Солейманигийн үхлийн хариуд Тегераны зүгээс ямар нэг халдлага үйлдвэл Иран улсын 52 чухал цэгт цохилт өгнө гэж сүрдүүлжээ. Эдгээр цэгүүдийн дотор Ираны түүх соёлын дурсгалт газрууд багтаж байна.

Энэ сүрдүүлгийн дараа Ираны Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд Мохаммад Жавад Азари-Жахроми хариу мэдэгдлийг твиттер хуудсандаа гаргажээ.

“Исламын Улс, Хитлер, Чингис! Тэд бүгд соёлыг сүйтгэгчид байсан. Трамп бол тэднээс ялгаагүй, хослол өмссөн террорист юм. Аугаа Иран үндэстний соёлыг хэн ч устгаж чадаагүй гэдгийг тэр түүх уншвал удахгүй ойлгоно” гэж сайд бичсэн байна.

Үүнээс гадна Америкийн ашиг сонирхолд халдах шийдвэрийг гаргасан Ираны ямар ч эрх мэдэлтнийг дараагийн байгаа болгоно хэмээн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Вашингтонд үг хэлэхдээ анхааруулсан юм.

Ням гарагт Ираны засгийн газар 2015 оны цөмийн гэрээгээр тогтоосон уран баяжуулах хязгаарыг хэрэгсэхгүй болгож байгаагаа зарлажээ.

Тус улсын эрх баригчид цөмийн технологийн асуудлаар НҮБ-тэй хамтран ажилласан хэвээр байх боловч гэрээгээр хүлээсэн хязгаарлалтаа цуцалж, өөрийн хэрэгцээнд тулгуурлан уран баяжуулалтаа нэмэгдүүлэхээр болсон байна.

Гэрээний хязгаарлалтыг зөвхөн АНУ-ын талаас тавьсан хоригууд цуцлагдсан тохиолдолд мөрдөх боломжтойгоо Ираны тал мэдэгджээ.

Ням гарагт Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мөргөлдөөн гаргахгүйн тулд дипломат яриа хэлэлцээрээр маргаан зөрчлөө шийдвэрлэхийг талуудад уриалсан байна.

Тэрээр өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлерь Ангела Меркель нартай утсаар ярьсан гэнэ. Өнөөдөр засгийн газрынхаа хуралдаанаар нөхцөл байдлыг хэлэлцсэний дараа үр дүнг нь Мягмар гарагт парламентад танилцуулах төлөвлөгөөтэй байгаагаа Жонсон мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP