Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг үйлчлүүлэгчийн мэдээллээ ар гэрт нь дүрс, дуутай дамжуулах боломжтой болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 3
iKon.MN
 

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийн, өнөөдөр ашиглалтад орууллаа.

Ингэснээр дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан бие даасан тусгай боксын зохион байгуулалттай болж байгаа аж.

Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн багийн ажиллах тусгай зориулалт бүхий эмчилгээний өрөө нь ариутгал, халдваргүйжүүлэх болон агааржуулалтын системтэй,  эрчимт эмчилгээний иж бүрэн аппарат тоног төхөөрөмж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгчийн тав тухыг хангах үүднээс тусгай өрөө бүрт дотоод сүлжээ, интернэт, хяналтын камертай, SMART LED дэлгэцтэй USB, HDMI, AV WiFi-тай олон үйлдлийг зэрэг хийж гүйцэтгэх чадвартай ухаалаг дэлгэц холбосон аж.

Дотоод сүлжээний тусламжтай интернэт орчинд эмч үйлчлүүлэгчийн биеийн байдлыг харж үнэлэх, хяналт тавих, түүнчлэн үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг ар гэрт нь дүрс, дуутай дамжуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн хувьд өнгөрөгч онд 21 ажилтантай, 12 хэвтэн эмчлүүлэх өрөө, 35 ортойгоор хотын таван дүүрэг, хөдөө орон нутгийн 10 аймгийн харьяалал бүхий 1,499 хүүхдэд Осол гэмтэл, согогийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь өнгөрөгч онд эмнэлгийн анхны тусламжийн үйлчилгээг 125,688 иргэнд хүргэжээ.

Тус тасгуудыг хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүн оролцлоо.

 

Эх сурвалж: ЭМЯ