Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Путин оросуудад эв нэгдэлтэй байхыг уриалж, Ши Жиньпин хонг конгчуудад сайн сайхныг хүслээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг

2019 оны сүүлчийн өдөр манай улсын хойд, урд хөршүүдийн удирдагчид уламжлал ёсоор ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ хүргэлээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээндээ улс орон нь хүнд хэцүү цаг үеийг туулж байгааг хэлээд ард түмэндээ хандаж эвлэлдэн нэгдэхийг уриалжээ.

 

“Бид үймээн самуунтай, тогтворгүй, ороо бусгаа цаг үед амьдарч байна. Гэхдээ бид чадах бүхнээ хийвэл Орос орон амжилттай хөгжин цэцэглэж, хүн ардын маань амьдрал сайжрах болно” гэж Путин хэлсэн байна.

Тэр цааш нь хэлэхдээ “Бидний одоо ба ирээдүй, хүүхдүүдийн маань ирээдүй манай орны иргэн бүрийн хүчин зүтгэлээс хамаарна. Өнөөдөр улс оронд маань тулгарч буй саад бэрхшээлүүдийг давахад зөвхөн бидний эв нэгдэл туслах болно. Зорилгодоо хүрэх хамгийн гол суурь нөхцөл бол бидний эв нэгдэл юм” гэжээ.

Дэлхийн Банкнаас саяхан гаргасан Орос улсын төлөв байдлын тайланд тус улсын эдийн засаг 2019 оны эхний хагаст тааруу үзүүлэлттэй байсан ч сүүлийн хагасаас сэргэж, ядуурлын хэмжээ бага зэрэг буурах төлөвтэй байгааг харуулсан юм.

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин он солигдохын өмнө хэлсэн үгэндээ Хонг Конгийн хөгжил цэцэглэлт нь бүх Хятад хүний хүсэл болохыг мэдэгджээ.

 

Гэхдээ хөгжихийн тулд тогтвортой байдал, эв нэгдэл хамгаас чухал болохыг тэр онцолсон байна.

“Эв нэгдэл, тогтвортой байдалгүйгээр иргэд яаж энх тунх, аз жаргалтай амьдрах билээ? Бид Хонг Конгт болон Хонг Конгийн эх орон нэгтнүүддээ сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна” гэж Ши Жиньпин хэлжээ.

Мэндчилгээндээ Хонг Конгийн тогтворгүй байдалд хэнийг ч буруутгаагүй тэрээр дараа нь Макаогийн ололт амжилтыг магтан сайшаасан юм.

“Би саяхан Макао эх орондоо нэгдсэний 20 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо энэ хотын хөгжил цэцэглэлтийг харж бахархлаа. Макаогийн амжилт нь ‘ нэг улс, хоёр систем’ загвар хэрэгжих бүрэн боломжтой, хүн ардын хүсэл сонирхолд нийцэж байгааг харуулж байна” гэж Ши Жиньпин хэлжээ.

Тэрээр мэндчилгээндээ АНУ-тай хийж буй худалдааны дайны талаар дурдаагүй ч 2020 онд Хятад улс зах зээл, эдийн засгаа дэлхий нийтэд улам бүр нээхээ амласан юм.

Ши Жиньпин 2020 оны Хятад улсын үндсэн зорилтуудын дотор хүн амын ядуурлыг бууруулах, дундаж давхаргын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зорилтууд багтаж байгааг онцолжээ.

Эцэст нь тэр Хятад улс нийт хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөө ажиллахыг амласан байна.

 

Эх сурвалж: Kremlin.ru, People’s Daily