Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн эрэгт 4,000 орчим хүн гал түймэрт хашигдаад байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Австралийн эрэгт 4,000 орчим хүн гал түймэрт хашигдаад байна
Sara, ikon.mn - text to speech

Өнгөрсөн шөнө Австралийн Викториа мужийн Маллакота хот ойн түймэрт өртөж, далайн эрэг дагуу 4,000 орчим хүн гарах гарцгүй хашигдаад байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Сиднейгээс Мелбурн хүртлэх эрэг дагуу хэд хэдэн амралтын газарт ойн түймрийн аюул ойртоод байгаа юм. Хашигдсан хүмүүсийн дунд гадаадын жуулчид байгаа ажээ.

Тэднийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй болсон тул эрэг дагуу усан дээр байрлуулах арга хэмжээ авахаар орон нутгийн захиргаа ажиллаж байгаа гэнэ.

Хотоос гарах гол замуудыг түймрийн гал хаасан байна.

“Маллакота одоо аюулд нэрвэгдээд байна. Нийтдээ 4,000 орчим хүн эрэгт хашигдаад байна. Бид тэднийг аврахаар шаргуу ажиллаж байна” гэж Викториа мужийн онцгой байдлын албаны дарга Эндрью Крипс мэдэгджээ.

Энэ хотын иргэдийн зарим нь орон гэрээ галаас хамгаалах арга хэмжээ авч, зарим нь далайн усан дээр жижиг завинд толгой хоргодож байгаагаагаа сошиал сүлжээгээр мэдээлсэн байна.

Цельсийн 40 хэм давсан халуун, хүчтэй салхи хавсарснаас Викториа мужийн нутаг дэвсгэрт сүүлийн 24 цагийн дотор 200 гаруй түймрийн голомт нэмэгдсэн байна.

Аврагчид орон байр, эд хөрөнгийг биш, хүмүүсийг аврах нь гол зорилго болоод байгааг мэдээлжээ.

Өчигдөр Австралийн Нью Соут Уэльс мужийн нутагт хүчтэй халуун салхи гал сөнөөх албаны 10 тонн жинтэй машиныг агаарт шидсэнээс 28 настай гал сөнөөгч залуу амиа алдсан байна.

Ингэснээр есдүгээр сараас хойш Австрали даяар шатаж буй ойн түймэрт амиа алдсан хүний тоо 10 болж байгаа юм.

Энэ долоо хоногт Австралийн бүх мужийн агаарын дундаж температур Цельсийн 40 хэмийг давсан нь ойн түймрийг эрчимжүүлэх нөхцөл болж байна.

 

Эх сурвалж: BBC