Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Грета Тунбэрг АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж, цагаа дэмий үрэх хүсэлгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Шведийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбэрг өчигдөр BBC Radio сувагт ярилцлага өгөхдөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, цагаа дэмий үрэх хүсэлгүй гэдгээ илэрхийлжээ.

Хөтлөгч түүнээс өнгөрсөн есдүгээр сард Нью Йоркт болсон НҮБ-ын уур амьсгалын чуулганд оролцохоо Дональд Трамптай уулзсан бол юу ярих байсныг нь асуусан юм.

“Тэр эрдэмтэд, мэргэжилтнүүдийн үгийг сонсдоггүй хүн болохоор намайг сонсоно гэж огт бодохгүй байна. Тиймээс би түүнтэй ярилцаж, цагаа дэмий үрэхгүй байсан” гэж Грета хариулжээ.

Дональд Трамп АНУ-ыг Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээнээс гаргаж, дэлхийн дулаарлыг Хятадуудын зохиосон худлаа зүйл гэж ярьдаг.

Тэрээр өнгөрсөн хугацаанд залуу тэмцэгч Грета руу хоёр ч удаа твиттер хуудсаараа довтолж байв. Трамп эхлээд Гретаг “гайхамшигт ирээдүйтэй хүүхэд” хэмээн өхөөрдсөн бол дараа нь “уур уцаараа хянаж сурах хэрэгтэй” хэмээн зөвлөж байжээ.

Саяхан Трампын фэн гэгддэг Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару хэлсэн үгэндээ Гретаг “хүмүүжилгүй хүүхэд” хэмээн нэрлэж байв.

Дэлхийн уушги гэгддэг Амазоны ширэнгэ ойг хамгаалах чиглэлд муу ажиллаж байгааг нь Грета шүүмжилсний дараа тэр ингэж хэлсэн юм.

Өчигдөр ярихдаа Грета Тунбэрг “Тэдний над руу довтолж байгаа нь инээдтэй хэрэг. Тэдний хийхийг хүсэхгүй байгаа өөрчлөлтийг залуу үеийнхэн хийж, тэднийг айлгаж чадаж байгаа нь эндээс харагдаж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters