Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Japan Airlines компани удахгүй гадаадын жуулчдад 50,000 тасалбар үнэгүй тараана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Японы үндэсний агаарын тээвэрлэгч Japan Airlines компани ирэх оны хоёрдугаар сард 50,000 ширхэг хоёр талын нислэгийн тасалбарыг үнэгүй тараах гэж байгаагаа зарлажээ.

Гэхдээ эдгээр тасалбар нь зөвхөн Японы дотоод нислэгийнх байх бөгөөд Токиогийн Ханеда, Осакагийн Итами/Кансай нисэх буудлуудаас Японы дөрвөн чиглэлд үйлчлэх юм байна.

Өөрөөр хэлбэл тасалбар хожсон зорчигч нь сонголтгүй, зөвхөн JAL компанийн сонгож өгсөн чиглэлд очоод буцах тасалбар үнэгүй авах юм. Хаашаа нисэхээ тасалбар хожсон үедээ л мэдэх гэнэ.

Энэ нь гадаадын жуулчдын төвлөрлийг сааруулж, тэр болгон жуулчид очоод байдаггүй хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой ажээ.

Зөвхөн аравдугаар сард Японд 2.5 сая орчим гадаадын жуулчин ирсэн байна. 2017 онд тус улс аялал жуулчлалын салбараас $37 тэрбумын орлого олжээ.

Гэхдээ жуулчдын ихэнх хэсэг Токио болон Осака, Киото орчимд саатдаг бол орон нутгийнхан аялал жуулчлалаас бага ашиг хүртдэг гэнэ.

Хоёрдугаар сард JAL компани онлайн хүсэлт хүлээж авах хуудсаа нээх юм.

Хүсэлт илгээхийн тулд зорчигч нь Японоос өөр улсын иргэн байх ёстой. Бас 2020 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд Японд аялах хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл Токио 2020 зуны олимпийн наадмыг зорих хүмүүст зориулагдах юм.

Мөн Japan Airlines компанийн JAL Mileage Bank клубын гишүүн болсон байх ёстой ажээ.

Үнэгүй тасалбар авах хүнийг “түрүүлж ирсэнд нь түрүүлж өгөх” зарчмаар сонгох юм байна.

 

Эх сурвалж: Business Insider