Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Хөх хот Бээжинтэй өндөр хурдны төмөр замаар холбогдож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

2019 оны сүүлийн өдрүүдэд Хятад улс өндөр хурдны төмөр замын сүлжээгээ 10 гаруй шинэ чиглэлээр нэмж байна.

Тухайлбал өнөөдрөөс Бээжин хотыг Жанжяку (Жанчхүү буюу Хаалган хот) хоттой холбосон чиглэл нээгджээ. Эдгээр хотууд нь 2022 оны өвлийн олимпийн наадмыг хамтран зохион байгуулах юм.

Ингэснээр Бээжин, Жанжяку хотуудын хооронд төмөр замаар гурван цаг аялдаг байснаа ердөө 47 минут болон богиносож байна. Шинэ төмөр замын дээд хурдыг 350 км/цаг байхаар тооцоолжээ.

Энэ чиглэлийн төмөр зам цаашлаад Өвөр Монголын нийслэл Хөх хот, Ганьсу мужийн төв Ланжоу хотуудтай холбогдож байгаа юм.

Үр дүнд нь Бээжин-Хөх хотын аялалын хугацаа 9 цаг 15 минутаас 2 цаг, 9 минут болон богиноссон байна.

Өчигдөр буюу Ням гарагт Хятадын баруун хойд Ниньшя Хуй автономит тойргийн гурван том хот өндөр хурдны төмөр замын сүлжээнд нэгджээ.

2019 онд Хятад улс 5,000 км замаар өндөр хурдны төмөр замын сүлжээгээ өргөтгөж, нийт уртыг нь 35,000 км хүргэсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ нь дэлхийн бусад бүх улсуудад ашиглагдаж байгаа өндөр хурдны төмөр замын нийлбэр уртаас хоёр дахин илүү байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post