Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хот хиймэл цасаар гудамж талбайгаа чимэглэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нийслэл Москва хотод сүүлийн 140 жил тохиолдоогүй дулаан өвөл болж байна.

Энэ сарын 18-ны өдөр агаарын температур Цельсийн 5.4 хэм хүрсэн нь 1886 онд тогтоож байсан арванхоёрдугаар сарын өмнөх дээд амжилтыг эвджээ.

Гудамж талбай цасгүй байгаа тул шинэ жилийн баярын уур амьсгалыг сэргээхийн тулд Москва хотын захиргаа хиймэл цасаар чимэглэж эхэлсэн байна.

Өмнө нь жил бүр цас цэвэрлэхэд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг байсан хот эсрэгээрээ цастай болоход мөнгө зарцуулж эхэлжээ.

Инстаграмын нэг хэрэглэгч овоолсон цасны зураг нийтлээд “Энэ бол Москвад байгаа бүх цас. Үүнийг Улаан талбайд хамгаалалтад аваад байна” гэж хошигносон байна.

Ер бусын дулаан өвөл болж байгаагаас яргуй эрт цэцэглэж, зарим ан амьтад ичээнээсээ гарч байгааг судлаачид мэдэгджээ. Тухайлбал Москвагийн амьтны хүрээлэн таван ширхэг Африкийн алагдаахай хэмээх нэгэн төрлийн мэрэгч амьтныг ичээнээс нь сэрээхгүйн тулд тусгай хөргөгчтэй торонд хийгээд байгаа гэнэ.

Жилийн энэ үед мөсөн талбай болдог газарт хүүхдүүд хөлбөмбөг тоглож байна. Хотын захиргааны мэдээлснээр хиймэл цас үйлдвэрлэхдээ мөсийг зорох техник хэрэглэж байгаа гэнэ.

Гэхдээ ингэж үйлдвэрлэсэн цас удалгүй хайлдаг тул дахин дахин сэргээж байгаа ажээ. Шинэ оны эхний долоо хоногт Орос даяар баяр, амралт үргэлжилдэг тул энэ хугацаанд ядаж гудамж талбайг цастай байлгах арга хэмжээ авч байгааг хотын захиргаа тайлбарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian