Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Себастиан Пинэра: Чили Улс 69% байсан ядуурлыг 8.6% болгож, 8 сая иргэнээ ядуурлын савраас мулталлаа

ikon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

"Нийгмийн тогтворгүй байдал үүсгэхэд хүргэсэн тэгш бус байдалтай засгийн газар тэмцэхээ амалж байна. Нийгмийн шударга ёс тогтоогүй улсад ирээдүй үгүй" Чили улсын Ерөнхийлөгч Себастиан Пинэра

Монгол Улстай адил 30 жилийн өмнө ардчиллаа тунхагласан, газар доорх баялаг ихтэй Чилийн Ерөнхийлөгчийн захидлыг орчуулан хүргэж байна.



Чилийн ирээдүйн төлөөх шинэ боломжууд

Ард түмнийхээ хүсэл зоригоор жигүүрлэн 30 жилийн өмнө бид шинэ ардчилсан улсаа 3 тулгуурт зарчим дээр байгуулсан билээ.

Гурван тулгуурт, ардчилал ба хууль дээдлэх ёсыг дээдлэх, өрсөлдөх чадвартай нээлттэй зах зээл, ядуурлыг бууруулах болон хүн бүрт тэгш боломж олгохыг урьтал болгох юм.

Тоо баримтууд худал хэлдэггүй.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Чили улсын иргэдийн орлого 5 дахин нэмэгдэж Хүний Хөгжлийн Индексээр Латин Америкийн орнуудаа тэргүүлдэг болжээ. 69% байсан ядуурлыг бид 8.6%-руу оруулж 8 сая иргэд маань ядуурлын савраас мултарч чадлаа.

1990-2015 оны хооронд бидний хамгийн ядуу 10 хувийн орлого 439% өссөн бол хамгийн өндөр орлоготой 10 хувийн орлого 208% өсчээ. Чили улс хүчирхэг дундаж ангитай болсноор бид ядуурлыг ойрын жилүүдэд бүрэн үгүй хийж хөгжилтэй улсын тоонд орох зорилго тавиад байна.

Өнөөдрийн байдлаар Чилийн орлогын тэгш бус байдал Латин Америкийн орнуудын дунджаас бага байгаа хэдий ч бид өсөлтөө бүрэн дүүрэн ашиглаж орлогын тэгш бус байдлаа хангалттай хэмжээнд ойртуулж чадсангүй.

Олон хүн энэ бүхнээс хоцорсон мэт санагдаж тэдэнд мэдрэгдэж буй шударга бус байдал тэднийг гудамжинд тэмцэхэд хүргэжээ. Энэ нийгмийн дуудлагад хариулахад бид хүчтэй нийгмийн бодлогууд, эдийн засгийн өсөлт, болон бид бүхний үнэт зүйлсэд нийцсэн шинэ Үндсэн хууль хэрэгтэй боллоо. Өнгөрсөн хэдэн долоо хоногт бид Чилийн бие, сэтгэлд хохирол учруулсан олон хүчирхийлэл, тэмцэл, гал, гэмт хэргүүдийг үзэж тууллаа. Энэ хэцүү цаг үед бид нийгмийн эмх замбараагүй байдлыг арилгах шаардагдах бүхий л арга хэмжээг авч ажиллахдаа хүний эрхийг нэгдүгээрт тавьж байсаныг хуваалцмаар байна.

Бид хүч хэрэглэхэд шаардагдах дүрмийг хамгийн өндөр шаардлагад нийцүүлсэн бөгөөд хүний эрхийн мэдээллийг ил тод байлгаж улсын яллагчдын бие даан ажиллах тогтолцоог сайжруулж чадлаа.
Хүч хэрэглэсэн, хүний эрх зөрчигдсөн баримтууд харагдаж байгааг энд хэлмээр байна мөн түүнийг манай улсын бие даасан Хүний Эрхийн Үндэсний Төв хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Бид энэ бүх процессийг ажиглах зөвшөөрлийг НҮБ-ын Хүний Эрхийн Хороо болон Хүний Эрхийн Хяналт байгууллагуудад олгосон билээ. Бид цаашлаад улсын яллагчдаа бие дааж гомдол шийдвэрлэх боломжоор хангаж цэрэг, шүүх, цагдаагийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэх боломж мөн олгоод байна. Энэ хүнд цаг мөчид бидний хамгийн хүчирхэг нөхөр манай ардчилал, институцүүд болон хуулийн ёс байж чадлаа.

Хаа сайгүй өрнөсөн хүчирхийллийн хажуугаар Чилийн түүхэн дэх хамгийн том нийгмийн хөдөлгөөн өрнөсөн гэдгийг энд цохон тэмдэглэмээр байна. Бүх нас, хүйс, нийгмийн төлөөллийн иргэд олон арван жилийн гомдол, шударга бус байдалд бухимдаж гудамжинд зарим өдөр 1 сая хүн цуглаж гомдлоо илэрхийллээ. Тэгш бус байдал, бага тэтгэвэр, төрийн үйлчилгээний үнэ, нийгмийн баялгийн хувиарлалт дээр олон хүний бухимдал дээд цэгтээ хүрчээ.

Нийгмийн энэ хөдөлгөөн бидэнд шинэ Чилийг байгуулах боломжийг авчирч байна. Энэхүү үйл явдал манай ардчиллын зүрх чанга цохилж буйг бидэнд санууллаа. Үүгээр бид иргэдтэйгээ эргэж холбогдож илүү шударга, тэгш боломж бүхий бүх талын оролцоог хангасан тогтвортой хөгжсөн нийгмийг цогцлоох замыг нээж өглөө гэж би бодож байна. Бидэнд одоо шинэ алсын хараа хэрэгтэй. Тэр алсын харааг бид яаралтай гэхдээ нэгдмэл сэтгэлээр, хариуцлагатай иргэдээ сонсож богино болон урт хугацааны шийдлүүдээ олох болно. Нийгмийнхээ зарим хэсгийг оролцуулахгүй бид урагшлавал хол явахгүй. Бидний эхний алхам бол өдөр тутмын Чиличүүдийнхээ сэтгэлийг зовоож, амьдралын чанарт нөлөөлж буй асуудлыг шийдвэрлэх нийгмийн бодлогоо жагсааж ажил хэрэг болгох юм. Үүнд тэтгэвэр нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх, жижиг дунд бизнес эрхлэх орчинг сайжруулах, эм тарианы үнийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний төсвийг нэмэх, нийтийн тээвэр болон ус цахилгаан зам ашиглалтын төлбөрийг тогтворжуулах болон хамгийн баян хүмүүсийнхээ татварыг нэмж конгресийн гишүүдийн болон зарим төрийн албан хаагчдын цалинг бууруулах ажлуудыг төлөвлөөд байна.

Энэ бодлогуудыг бид төсвийн сахилга бат, татварын реформ хийж байж санхүүжүүлнэ.  Гэхдээ бидэнд зүгээр суух цаг алга. Өсөлт хөгжилгүй нийгмийн шударга ёс байхгүй, нийгмийн шударга ёс байхгүй цагт өсөлт ба хөгжил мөн ирэхгүй.

Бидний дараагийн алхам иргэдийн дуу хоолойг сонсох үндэсний хэлэлцүүлгийн процесс эхлүүлэх. Иргэдийнхээ санааг зовоож буй асуудлуудыг сонсох болон шаардлагуудад хариулах газар бидэнд хэрэгтэй байна. Чиличүүд хэлэлцэх, мэтгэлцэхээс айдаггүй хүмүүс. 

Энэ бүхэнд харин бид орхиж болохгүй ганц л нөхцөл бий. Бид хүчирхийлэл, гэмт хэрэг, хүний эрхийг зөрчихийг хэзээ ч тэвчихгүй. Хэрвээ тэвчих аваас ардчилал нуран унана. Цөмөөрөө одоо бүх хүчирхийллээ зогсоож, нийгмийн тайван байдлаа тогтоогоод урдаа буй боломж, сорилтууд руу дайрах хэрэгтэй байна. Нийгмийн тайван байдлаа эргүүлэн тогтоож, яаралтай нийгмийн бодлогуудаа хэрэгжүүлэхээс гадна бидэнд, Чили улсад маань шинэ нийгмийн гэрээ шаардлагатай болжээ. Түүнд хүрэх замын зургийг бид хамтдаа гаргаад байгаа. Ирээдүйд биднийг тогтвортой, нэгдмэл, хүнд сорилтуудыг давахад болон ирээдүйн боломжуудыг атгахад чиглүүлэх тийм үндсэн хуулийг бүтэн ардчилалын зарчмаар буюу анх удаа иргэдээ оролцуулан хийх боломж нээгдлээ. Эцсийн эцэст эв нэгдэлгүй гэр бүл ч салдаг.

Би Чиличүүдийнхээ эх орноо гэсэн чин сэтгэлд итгэж байна. Цугтаа бид илүү тэгш боломжтой, илүү баян Чили улсыг цогцлоож чадна. Бид өөрөөр сэтгэгдэг ч өөрсдийгөө болон бусдыг хүндэтгэдэг сайхан ирээдүй, өөрсдийн гэрээ засч чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Чили улсын Ерөнхийлөгч Себастиан Пинэра

Чили улсын Сантиаго хот

2019.12.18
 
Эх сурвалж: NYT
Орчуулсан: Э.Лхагва