Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн Хятадад үйлдвэрлэсэн автомашинууд өнөөдрөөс эзэндээ хүрч эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн Шанхай дахь үйлдвэрийн бүтээгдэхүүн болох Model 3 загвар өнөөдрөөс худалдаалагдаж эхэлжээ.

Өнөөдөр өглөө болсон нээлтийн арга хэмжээний үеэр Теслагийн 15 ажилчин өөрсдийн захиалсан автомашинуудын түлхүүрийг гардан авсан байна.

Теслагийн Шанхай дахь үйлдвэр шав тавьсан өдрөөсөө хойш 357 хоногийн дараа бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан нь Хятадад үйлдвэрлэлээ явуулдаг гадаадын автомашины компаниудын дунд дээд амжилт болжээ.

Шанхайд үйлдвэрлэгдсэн Model 3 нь ямар нэг хөнгөлөлт тооцоогүй дүнгээр 335,800 юаний ($50,000) үнэтэй зах зээлд гарч байна.

Тесла компани Хятадын цагаан сараас өмнө (нэгдүгээр сарын 25) бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байсан нь ийнхүү эрт биелж байгаа юм.

Үүнээс өмнө Теслагийн бүх автомашинууд АНУ-аас Хятадад импортлогддог байв. Тус компани дэлхийд автомашины хамгийн том зах зээлтэй Хятадад анхны гадаад дахь үйлдвэрээ нээсэн нь Америк-Хятадын худалдааны дайны эрсдлээс бизнесээ хамгаалах зорилготой юм.

 

Эх сурвалж: Reuters